Орхон аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 25 сургууль үйл ажиллагаа явуулж, 25 мянган сурагч суралцаж, 1900 орчим багш, ажилтан ажиллаж байна.
Монгол хэлний хуульд зааснаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хэргийг хос бичгээр эрхлэх болсонтой холбогдуулан Орхон аймгийн Боловсролын газар, аймгийн архивын тасаг, Насан туршийн суралцахуйн төв хамтран “Цахим орчинд үндэсний бичгээр зөв бичиж хэвшье” “Байгууллагын мэдээллийг монгол бичгээр бичье” зэрэг үе шаттай сургалтыг зохион байгуулж байна.
Хос бичигтэн болох ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар аймгийн бүх боловсролын байгууллагын ажилтнууд дунд “Оноосон нэрээ монгол бичгээр зөв бичиж сурцгаая” нэг сарын аяныг зарлаад байна.
Мөн энэ хичээлийн жилд боловсролын салбараас гарын үсгээ монгол бичгээр бичих “Эх хэл-Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд монгол хэл, уран зохиолын багш нарын оролцоотойгоор төрийн албан хаагчдад зориулан ахисан түвшний үе шаттай сургалтуудыг хийсээр байна.
Орхон аймгийн хувьд цахим орчинд өөрсдийн нэрээ үндэсний бичгээр бичих аян боловсролын салбарт идэвхтэй өрнөж байна.