АНУ-ын Лос Анжелес хот орчимд түймрийн аюултай байдал үүссэн.
Түймрийн улмаас таван хүн нас барж, 150 мянган иргэний амь насыг аврахын тулд албадан нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Өнөөдөр өглөө албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр суурьшлын бүсэд 1500 орчим барилга байгууламж түймэрт өртсөн бөгөөд цаашлаад 15 мянган барилга байшин нэмж шатах эрсдэлтэй байгаа аж.
Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр эхний ээлжинд Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газраар дамжуулж монгол иргэдийн холбоотой холбогдож мэдээллүүдээ солилцжээ. Одоогоор түймэрт өртсөн монгол хүн байхгүй аж. Түймрийн голомт болон голомт тойрсон хотуудад 5000 орчим монгол иргэн бий.
Тэгвэл Лос Анжелесийн монголчуудын холбооноос тус хот орчимд тархаж буй түймрийн аюултай байдалтай холбоотойгоор голомтод ойр ажиллаж, амьдардаг монголчууддаа анхааруулга, зааварчилгаа тогтмол өгч байгаа юм байна. Хэрэв түймрийн голомтод байгаа хүнд яаралтай тусламж, орчуулга хэрэгтэй бол (213)292-4925 дугаараар холбогдох, эсвэл report@lamongolians.org хаягаар хандах боломжтой аж.
Дашрамд дурдахад, Лос Анжелесийн монголчуудын холбооноос Лос Анжелес хот орчимд дэгдсэн гамшигт гал түймрийн улмаас үрэгдсэн хүмүүс тэдгээрийн ар гэр, орон гэр, өмч хөрөнгөө алдагсад болон, тэдгээрт туслан өдөр, шөнөгүй ажиллаж буй онцгой байдлын ажилчдад туслах хандивын аян өрнүүлж эхэлсэн байна. Цугласан хандивыг энэ сарын 20-нд Лос Анжелесийн захиргаанд хүлээлгэн өгөх аж.