‘Монгол бахархал’-ын энэ өдөр ‘Түмний үг’ ТББ-ын залуучуудын хэрэгжүүлсэн
хүмүүнлэгийн аяныг онцолж байна
Олон жилийн өмнө авто машины осолд орж, нуруу нугасны гэмтэлтэй болсон СХД-ийн иргэн Д.Гэрэлтуяа хоёр хөл дээрээ бослоо. Тэрбээр одоогоос 39 жилийн өмнө найман настай хүүхэд байхдаа аваарт орж, нугасандаа гэмтэл авчээ.


Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайдын гэргий Кадирэ Кэйнеп Язал болон Монгол улсад суугаа Туркийн ЭСЯ-ны атташе Хакан нарын хүмүүс Д.Гэрэлтуяагийн эмчилгээний зардалд тусалж, ‘Түмний үг’ ТББ-ын хэрэгжүүлж байгаа хүмүүнлэгийн аянд нэгджээ. Эмчилгээ нь одоо ч үргэлжилж байна.

Эерэг хандлагыг түгээе!
Биокомбинатын 10-р сургуулийг 2005 онд төгссөн нэг ангийн залуучууд нийлж, 2018 онд ‘Түмний үг’ ТББ -ыг байгуулжээ. Түүнээс хойш жил бүр олон нийтэд чиглэсэн хүмүүнлэгийн аяныг зохион байгуулж ирсний дотор ХУД-ийн 12-р хороо Биокомбинатад автобусны буудал шинээр барьж, тохижуулсан төдийгүй хурд сааруулагч бариулж, эмзэг бүлгийн иргэдэд хүнс, түлээ нүүрсний тусламж үзүүлж ирсэн байна. Мөн боловсрол, эрүүл мэнд гэхчлэн салбар бүрт чиглэсэн олон ажлыг улсаас нэг ч төгрөгийн төсөв нэхэлгүйгээр өөрсдийнхөө санал, санаачлагаар хийж, хэрэгжүүлж байна.




