Энэ асуулт өнөөдөр монголчуудыг төдийгүй дэлхий нийтийг талцуулж байна. Минут хүрэхгүй хугацаанд 30 тэрбумыг босгосноороо IHC койн Монголын санхүүгийн зах зээлийн нэг үзэгдэл болсон билээ. Энэ нь койн гаргаж мөнгө босгох боломжтой юм байна гэх сэдлийг ч төрүүлсэн бололтой, одоогоор Монголд бие даасан 7 койн гарсан, ар араасаа “мэндлэх”-ээр хүлээгдэж буй койн хэдийнэ 10 хол илүү давжээ. Харин дэлхийд 11 мянган койн бүртгэгдээд байна.
Нэг талаасаа санхүүгийн нэгэн цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн, нөгөө талаасаа эдийн засагт трэнд болж буй цахим “үзэгдэл”-д монголчууд нийтдээ 2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Монгол Улсын хадгаламжийн хэмжээ 19 их наяд төгрөг гэвэл үүний 10 хувь нь цахим мөнгөний зах зээлд эргэлдэж байна гэсэн үг.
Монголд өнөөдөр дөрвөн 4 крипто бирж үйл ажиллагаа явуулж байгаа юм.
- Үүнээс хамгийн их хэрэглэгчтэй нь, бас хамгийн том мөнгөн дүнтэй арилжаа хийсэн нь “Ард санхүүгийн нэгдэл”-ийн DAX. Энэ оны хагас жилийн байдлаар арилжааны дүн нь 1.2 их наяд. Хэрэглэгчийн тоо нь 400 мянга.
- Дараагийнх нь “Ай си ти” группын TRADE. Хэрэглэгчдийн тоо нь 173 мянга. Арилжааны дүн нь хагас жилийнхээр 554 тэрбум.
- Гуравт нь, “Инфинит Солюшнз”-ийн COMPlEX. Хэрэглэгчид нь 120 мянга, арилжааны дүн нь 19 тэрбум.
- “Интелмайнд”-ын “COINHUB”-ийн хэрэглэгчид 14 мянга, арилжааны дүн нь 43 тэрбум.
Цоо шинэ “мөнгөний амт”-анд монголчууд хошуурч байгаа нь хожмоо багагүй хохирол амсах эрсдэлтэй болохыг хялбар аргаар баяжих дондоо хөтлөгдөж хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдсан гашуун түүхээс жишээлэн сануулах. Нөгөө талаар баталгаагүй, барьцаа хөрөнгөгүйгээр криптод суурилсан бүтээгдэхүүнүүд ирээдүйтэй, уламжлалт санхүүгийн салбарт гарч буй хувьсгал гэж дүгнэх нэг хэсэг нь байгалийн баялаг болох зэс алт нүүрсээр баталгаажсан койн гаргаж дэлхийн цахим мөнгөний зах зээлээс хөрөнгө татах боломжтойг тодотгож буй.
Гэвч, эдийн засгийн, санхүүгийн мэдлэг мэдээлэл багатай монголчуудын хувьд койн болон криптовалютыг худалдаж авснаар өөрийн оруулсан хөрөнгөө алдах, зарим тохиолдолд цахим залилан гэх санхүүгийн гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэл бийг анхааруулахад бас илүүдэхгүй. Ямар ч байсан койнд хөрөнгөө оруулаад алдвал эрсдэлийг нь төр хүлээх хууль эрх зүйн зохицуулалтгүй болохыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос байнга сэрэмжлүүлэх болсон билээ. Товчхондоо, Монгол төдийгүй дэлхийд цоо шинэ үзэгдэл учраас одоогоор хожвол аз алдвал хохь нь болно гэсэн үг. Койн гаргасан иргэн, аж ахуйн нэгж гэнэт алга болох, серверээ унтраахад төдийд тухайн койныг авсан иргэн мөнгөө алдах аюултай.
Монгол Улс үүнийг зохицуулахаар Виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан.
Хуулийн төсөлд зааснаар зах зээлийн харилцаа буюу виртуал хөрөнгийн өөрийнх нь өсөлт бууралтыг бус виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу койныг анх гаргаж байгаа, зуучилж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах гэнэ. Төв банкны тайлбараар хөрөнгө оруулагчийн эрсдэлийг төр хариуцахгүй бөгөөд хөрөнгө оруулагчид бие дааж шийдвэрээ гаргах аж. Хуулийн төслийн гол зорилго нь виртуал хөрөнгө гаргагч, зуучлагч биржүүдийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэгджээ. Өөрөөр хэлбэл, хууль батлагдлаа ч та эд хөрөнгөөрөө хохирсон нөхцөлд төр хариуцахгүй гэдгийг ойлгох ёстой. Харин койн гаргагч нь тодорхой хэдэн үүрэг хүлээхээр болж байгаа аж.