Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Өвөрмонголын Эрээн хотод тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоогоод буй. Тус хотын тээвэр логистикийн паркийн ажилтан халдвар авсан нь аравдугаар сарын 13-нд батлагдсанаар Монгол-Хятадын гол боомт хаагдаад байгаа юм.
Хэрэв Covid-19 халдварын тохиолдол илрэхгүй бол Эрээн-Замын-Үүд боомтын хилийг нээх тухай Хятадын талаас яригдаж буй. Тэгвэл манай улсаас Эрээн хотод очсон бараа бүтээгдэхүүнээс Covid-19 халдвар илэрсэн нь хилийн хязгаарлалт үргэлжлэх үү гэх болгоомжлол байна.
Энэ талаар Гадаад харилцааны яамны мэдээлснээр Монголын талаас хилээ нээх хүсэлт Хятадын талд тавьж байгаа ч хэзээ нээх нь тодорхойгүй байгаа аж. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр Эрээн хотод “тэг” зогсолт үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн долоо хоногт Covid-19 илрээгүй байна. Гэсэн ч гурван удаагийн давтан шинжилгээний хариунаас хамаарч хөл хөдөлгөөнийг 21-28 хоногийн дараа нээж магадгүй аж.
Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан:
-Эрээн хотод сүүлийн долоо хоногт Covid-19 илрээгүй гэх мэдээлэл байна. Гэхдээ 21-28 хоног гурван удаагийн PCR шинжилгээ авч, Covid-19 илрэхгүй бол хөдөлгөөн нээнэ гэж ойлгож байна. Тэгэхээр арванхоёрдугаар сарын эхээр хил нээгдэж магадгүй. Хэрэв Covid-19 халдварын тохиолдол дахин илрэхгүй бол хил нээгдэх болов уу. Одоогоор Эрээн хот тэг зогсч хөдөлгөөнийг хязгаарласан учраас хилийн боомтууд, терминал бүгд хаалттай. Хятадын тал хөл хорионы хатуу дэглэм тогтоож байгаа нь өвлийн олимпыг зохион байгуулахтай холбоотой байх. Иймд гаднаас халдварыг алдахаас удирдлагын түвшинд болгоомжилж байна.
Сүүлд Монголын бараа бүтээгдэхүүнээс Covid-19 илэрсэнтэй холбогдуулан халдвар зөөвөрлөгдөж болзошгүй гэж тус болгоомжилж байгаа байх. Учир нь Монголоос Эрээн хот руу дамжуулсан илгээмжийн бараанд Covid-19 илэрсэн дөрөв, таван тохиолдол батлагдсан. Энэ нь нууцаар бараа бүтээгдэхүүн зөөвөрлөх, хилээр гаргаж буй бараа бүтээгдэхүүнд ариутгал халдваргүйтлыг дутуу хийсэн байх магадлалтай.
Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар Баянхошуу, Ханги, Гашуунсухайт гэсэн гурван хилийн боомт ажиллаж байна. Бусад нь хаалттай. Ихэнх нь Хятадын тал хилээ хаасантай холбоотой. Ер нь тээвэрлэлттэй холбогдуулан Хятадын талаас хоёр, гурван хувилбар дэвшүүлж байна.
- Нэгдүгээрт, хүн хоорондын контакт үүсгэхгүй чингэлгээр ачаа бараа тээвэрлэх,
- хоёрдугаарт, Алтанбулаг боомтод чиргүүл солилцох,
- гуравдугаарт хилийн тэг цэгт ажиллаж буй жолооч нарыг солилцох. Монгол жолооч нарын оронд Хятадын талаас жолооч нар ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэж байна.