УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.
Түүний дараа УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Би дөрвөн сайдын асуудлаас хэтрэхгүй байвал дээр гэсэн байр суурьтай байдаг. Цаашдаа Үндсэн хуульдаа гар дүрээд байх юм биш биз. Ийм байдал гаргуулахгүйн тулд яаж хаах вэ? Их хурал, Засгийн газрын ажиллагаа нь тодорхой заагтай байх ёстой. Өнөөдрийн Засгийн газарт харьцангуй мэргэжлийн хүмүүс ажиллаад байна уу. Салбартаа харьцангуй хүлээн зөвшөөрөгдсөн, гар нэр цэвэр хүмүүс байна уу гэж боддог. Энэ маягаараа ядаж 2024 оныг дуусгачихсан бол үр дүн гарах байсан болов уу. Ялангуяа дайн байлдаан, бусад хүчин зүйл нөлөөлж байгаа энэ үед заавал өөрчлөөд байх шаардлагагүй байсан болов уу гэж бодож байна.
УИХ-ын ТББХ-ны дарга Ж.МӨНХБАТ:
-Дахин ийм асуудал гарвал яах вэ, буруу жишиг үр дагавар тогтоох вий гэж олон хүн ярьж байгаа тул Н.Энхболд гишүүнээр ахалсан ажлын хэсэг Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд ч өөрчлөлт орж байгаа юм. Ингэснээр цаашид дахин дахин ийм зүйл гарах вий гэх асуудалд хязгаарлалт болох хууль эрх зүйн боломж бий болж байгаа юм. Цэцийн гишүүдтэй хариуцлага тооцох асуудлыг зарим гишүүд дурдсан. Хуулинд туссанаар бол шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа хариуцлага тооцно гэсэн зохицуулалт бий.
Гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Байнгын хорооноос хэлэлцэж буй хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй хамтад нь батлах санал гаргаж, улмаар эцэслэн баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн эцсийн найруулгыг уншиж танилцуулав.
“ЦЭЦ ГЭМТ ХЭРЭГ ХИЙЧИХЛЭЭ, ЗАХИАЛАГЧ НЬ ХЭН ЮМ БЭ”
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Үүний цаад үр дагавар хүнд л дээ. Би Үндсэн хуулийн Цэцийг гэмт хэрэг хийчихлээ гэж үзээд байна. Энэ гэмт хэргийн захиалгыг хэн өгөв? Энэ талаар та бүхэн юу гэж бодож байна вэ? Захиалагч нь хэн юм бэ? Энэ нь цаашаа үргэлжлээд, төгс төгөлдөр болох гээд байна. УИХ үүнийг шалгуулах ёстой юм биш үү? Хэрвээ та нар шалгуулахгүй юм бол ард түмнээс мандат аваад энд сууж байгаа хүний хувьд би шалгуулъя гэж бодож байна. Манай нам ч шалгуулах байх. Бүх юмыг эсрэгээр нь шийдээд байна. Ерөөсөө авлига, албан тушаалын гэмт хэрэг чинь ердийн зүйл болчихсон. Үндсэн хуулийг хулгайлах, засварлах эрхгүй, манах этгээдүүд нь хүртэл хийдэг. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд нь үүнийг хийгээгүй гэж бодож байна. Энийг цаанаас нь хүмүүс захиалсан байх. Улс төрийн хүчин ч байж мэднэ, ямар нэгэн хүмүүс ч байж мэднэ. Энийг ард түмнээсээ асуух ёстой. Ард түмэн юу гэж бодож байгаа юм бэ? Биднийг ядуу амьдруулаад байгаа ч гэсэн бас нэг Үндсэн хуультай оронд амьдарч байна гэж бодоод ард түмэн маань яваад байдаг байсан. Одоо тийм биш болчихож л дээ. Би энэ хэргийг хэн нэгэн захиалсан гэж үзэж байна. Би гэмт хэрэг гэж үзэж байна. Үндсэн хуулийн Цэцийн дунд, бага суудлын хуралдаануудыг хийгээд, энэ асуудлыг хэлэлцээд, засварлаад явах боломж байсан. Гэтэл ямар ч хэлэлцэх боломжгүйгээр Их суудлын хуралдаан хийгээд шийдчихсэн. Түүнийг нь энд авчирчихсан. Үүнийг ойлгоод, хоёр гишүүн нэрээ татаж байгаа юм байна. Манай намын бүлгийн гишүүн, ХҮН-ын гишүүн нэрээ татаж байгаа юм байна. Танайхан дангаараа үлдэж байна. Ингээд цааш яваад байдаг, гэмт хэрэг чинь улам лавшраад байгаа юм биш үү? Ард түмэн харж байгаа. Ард түмнийг ингэж доромжилж болохгүй л дээ, та нар. Африкийнхан ч ийм байхгүй. Үлдсэн, дэмжсэн хүмүүс нь гарч ирж байна. Одоо захиалагч нь гарч ирэх байх. Үүний үр дүнд олон сайд солигдох байх. Ачааллыг ард түмэн даахгүй шүү. Яаж гүйцэтгэх засаглалаа хянах юм бэ?
Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:
-Ганбат гишүүн ээ, бид улстөрийн онол, практикийн маш хэцүү асуудалтай тулчихаад байгаа юм. Ганцхан Монголд байгаа юм биш л дээ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульдаа нийцэж байна уу гэдгийг Үндсэн хуулийн Цэц нь хянаж байх ёстой юм уу, үгүй юү гэсэн том асуудлыг л бид яриад байна. Дэлхийн улс орнууд асуудлыг янз янзаар шийдэж байна. Зарим хянаад, зарим нь процессыг нь, зарим нь агуулгыг нь хянаж байна. Монголд ямар байх ёстой вэ гэдгийг л бид хамгийн гол нь ярих ёстой болоод байгаа юм. 1999 онд процессын талаас нь хянаад явсан, дараа нь агуулгын талаас нь хянаж болох юм байна гээд шийдвэр гаргасан. Түүнийгээ хоёр магадлал гаргаад, хүчингүй болгочихсон. Одоо Цэц магадлалаа хүчингүй болгоод, агуулга талаас нь хянаж болох юм байна гэсэн шийдвэр гаргачихаж байгаа юм. Цэц үндэслэл дээрээ бичсэн. Өөрсдөө ч бодоод олчихсон юм биш. Дэлхийн олон орны Үндсэн хуулийн Цэцэд энэ асуудал тулгарчихаад байгаа юм байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн суурь бүтцийг өөрчилж байна уу гэдгийг шалгахыг зөвшөөрсөн нэг улс байна. Герман, Энэтхэг байна. Сая 2021 онд Кенийн Үндсэн дээд шүүхийн таван гишүүн Үндсэн хуулийн дээд зарчим буюу үндсэн бүтцийг хөндсөн байвал Дээд шүүх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүчингүйд тооцож болно гээд хүчингүй болгочихож байгаа байхгүй юу. Гэтэл Дээд шүүх нь бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаад, “Үгүй ээ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт учраас түүнийг Үндсэн хуулийн цэц хэзээ ч шийдэхгүй. Түүнийг сайнтай ч, муутай ч жижиг ард түмэн болсон парламент нь шийдэх ёстой гээд нэг тийш нь хагалчихаж байна. Тэгэхээр бид одоо үүнийг нэг тийш нь хагалах ёстой болоод байгаа юм. Манай хуулиудад яг тодорхой, үг үсгээр нь заагаагүй, ерөнхий агуулгаар нь нэмэлт өөрчлөлтийг Цэц хянахгүй шүү гэж заасан. Бид энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа нь үүнд цэг тавьж байгаа нэг ач холбогдол нь Цэцийн тухай хууль, Цэцэд маргаан хянах шийдвэрлэх тухай хуулийн төсөлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Үндсэн хууль зөрчих тухай асуудлаар ямар нэгэн маргаан гаргахгүй шүү гэж оруулж өгсөн. Гэхдээ энэ маш аюултай. Хэдэн жилийн өмнө Колумбад Ерөнхийлөгч нь парламентаа шахаж байгаад хоёр удаа дахин сонгогдож болно гэсэн заалтыг Үндсэн хуульдаа оруулаад, Ерөнхийлөгч гурван удаа сонгогдож болно оруулсан байна. Түүнийг Дээд шүүх нь “Үгүй ээ, та Үндсэн хуулийн суурь бүтцэд өөрчлөлт оруулсан учраас үүнийг хүчингүйд тооцлоо гээд хасчихаж байгаа юм. Энэ хоёр сонголтын алийг нь бид хийх вэ гэдэг дээр тулчихаад байна. Давхар дээлтэй болно, болохгүйгээ нэгмөсөн шийдээд, дахиж хөндөхгүй болгохоор цаашаа явмаар байгаа байхгүй юу.
УИХ-ын гишүүн АДЬШАА:
-Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг УИХ дээр авчирч шүүе гэж ярьж байна. Та нар Дээд шүүхийн 25 гишүүн та нарт таалагдахгүй шийдвэр гаргавал бас авчирч шүүх юм уу? Энэ асуудал чинь хэрээс хэтэрч байна. Энэ дан, давхар дээлийн асуудал Монголын парламентыг, Монголын төрийг 30 жил гацаасан, 30 жилийн хөзөр тоглолт байсан. Энэ дан, давхар дээлийн асуудал биш ээ. Энэ бол парламентын төлөвшлийн асуудал, хүчтэй Ерөнхий сайд байх зарчим, томилогдсон Ерөнхий сайд Засгийн газрынхаа кабинетыг өөрөө сонгох зарчмыг л зөв байдалд оруулах хууль дээдлэх зарчим дээрээ Үндсэн хуулийн Цэц шийдвэрээ гаргасан. Үүнийг УИХ өнөөдөр хэлэлцэх ёсгүй. Хүлээж аваад, дараагийн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Хэргээр талцуулж, нийгэм, олон нийт хэвлэл мэдээллийг төөрөгдүүлж буйн цаана өөр агуулга бий гэж би харж байна. Давхар дээлийн асуудлыг ярихаас илүү УИХ-ын гишүүдийн тооны асуудлыг би оруулж ирсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гурван гишүүн дэмжихгүйгээ илэрхийлж, хуралдааныг орхин гарлаа.
Үргэлжлүүлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг, санал хэлэв.
УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ:
-Монгол Улсын Үндсэн хуулийн 64.1 дээр Үндсэн хуулийн Цэцийн онцгой бүрэн эрхийг хуульчилсан. Энэ хүрээнд гаргасан шийдвэрийг УИХ хүлээн авч, холбогдох шийдвэр гаргах хэрэгтэй. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр Үндсэн хуулийн, улс төрийн томоохон үр дагавар гардаг учраас тодорхой хүрээг нь зааж өгөх ёстой. Үндсэн хуулийн Цэц улс төрөөс хараат бус байж, урт хугацаанд томилогддог байх ёстой. Үндсэн хуулийн Цэцийг Үндсэн хуулийн шүүхийн дайтай авч үзэж, мэргэшсэн, урт хугацаанд томилдог байх ёстой. Өнөөдөр оруулж буй заалтуудыг дэмжиж байна.
Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хурааж, гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, дараа нь УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ” гэв.