ОХУ-аас С400 агаарын довтолгооноос хамгаалах систем худалдаж авсан Турк улсын эсрэг хориг зарлаж байгаагаа АНУ-ын засаг захиргаа өчигдөр мэдээлжээ.
Анкарагийн эрх баригчид Вашингтоны шийдвэрийг ноцтой алдаа гэж нэрлээд хариу арга хэмжээ авахаа анхааруулсан байна.
Оросын талаас зэвсэг худалдаж авах шийдвэрийг нь цуцлуулахаар АНУ-ын засгийн газар удаан хугацаанд оролдсон ч үр дүнд хүрээгүй тул эцсийн арга хэмжээгээ авсныг албаныхан сэтгүүлчдэд мэдээлжээ.
Хоригийн хүрээнд Туркийн батлан хамгаалах салбарын бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэлийг хариуцдаг дээд байгууллага SSB, түүний захирал Исмайл Демир, бусад гурван албан тушаалтныг эдийн засаг, визний хар жагсаалтад оруулсан байна.
Анкарагийн эрх баригчид 2019 оны дундуур ОХУ-аас С400 системийг худалдаж авсан бөгөөд энэ шийдвэрээ NATO-гийн гишүүн орнуудад аюул учруулахгүй хэмээн тайлбарлаж байв.
Тэр үеэс хойш Вашингтоны тал наймааг буцаалгах гэж янз бүрээр сүрдүүлсэн ч үр дүнд хүрээгүй юм. АНУ-ын эрх баригчид өнгөрсөн онд Туркийн талд анхааруулга өгөх зорилгоор F-35 сөнөөгч онгоц нийлүүлэх хөтөлбөрөөсөө хасаж байв.
Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийнхээ хугацааг дуусахын өмнөхөн авсан энэхүү арга хэмжээ нь шинэ ерөнхийлөгч Жо Байдены Турк улстай харилцах харилцаанд нөлөөлөх нь тодорхой байна.