Жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногт АНУ үндэсний залбирлын өглөөний цай нэртэй арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Харин энэ жилийн үндэсний залбиралд Ерөнхийлөгч Жо Байден Дональд Трампаас бусад өмнөх үеийн ерөнхийлөгч нарыг урьжээ.
Цар тахлаас болоод цахим хэлбэрээр зохион байгуулагдсан тус арга хэмжээнд Жо Байден өчигдөр/2021.2.4/ цар тахал болон Капитол Хиллийн бослого зэрэг олон асуудлын талаар ярьжээ. Тэрбээр нэгдүгээр сарын 6-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг баталгаажуулахаар Конгресс хуралдаж байх үед ордонд Трампыг дэмжигчид дайран орж ирсэн явдлыг сануулан байр сууриа илэрхийлсэн байна. Болсон явдлаас болж таван хүн нас барж, хэд хэдэн хүн гэмтсэн юм. Хожим болсон явдлаас болж Дональд Трампыг хоёр дахь удаагаа импичментэд дуудсан юм.
Жо Байден энэ талаар “Бид хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлээ үзсэн. Жагсагчид АНУ-ын капитолыг ардчилалтай хамт уландаа гишгэж, таван хүний эрдэнэт аминд хүрсэн. Бид улс төрийн туйлшралыг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг, дотоодын терроризмыг зогсоох ёстой. Манай орны ард түмэнд маш хүнд хэцүү цаг үе тохиосон. Бид итгэл найдвараа хааанаас олж авах вэ? энэ хүнд үед итгэл найдвар л бидэнд хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр цар тахлын тухай “Манай улсын ард түмэнд дахиад маш олон хүнд, харанхуй шөнүүд айсуй. Гэвч АНУ бол зүгээр хараад суух орон биш. Америкчууд бол тийм хүмүүс биш. Энэ үед бид ядарч сульдах эрхгүй. Хийх ажил их байна. Үгээрээ биш, үйлдлээрээ бүтээх зүйлс олон байна” хэмээн ярьжээ.
Харин Дональд Трамп өнгөрсөн 28 жилийн хугацаанд үндэсний залбиралд оролцоогүй анхны экс Ерөнхийлөгч болжээ. Түүнээс бусад нь буюу Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нар бүгд үндэсний залбиралд оролцож, эв нэгдлийг уриалсан байна.
Эргэн санавал Дональд Трамп 2020 оны үндэсний залбарлыг зохион байгуулахдаа бусад Ерөнхийлөгч нараас ялгаатай нь өрсөлдөгчдөө шүүмжилж, өөрийнх нь эсрэг импичмент зарласныг буруушаасан утгатай үг хэлж байсан юм.
Трамп өдгөө хоёрдугаар сарын 9-нд болох хоёр дахь импичментдээ бэлдэн Мар-а-Лаго амралтын газарт байрлаж байгаа гэнэ.