Эрүүл мэндийн яамнаас нийслэлд 28 хоногийн хөл хорио тогтоох саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн. Дахин хөл хорио тогтоох саналыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас дэмжээгүй. Харин УОК-ын өчигдрийн хуралдаанаар энэ сарын 15-аас улбар шар бүст шилжихээр болж байна. Энэ хүрээнд үйлчилгээний байгууллагууд 21:00 цаг хүртэл ажиллах бөгөөд шөнийн цагаар хөл хөдөлгөөнийг хязгаарлахаар болов.
Тодруулбал, шөнийн 23:00-06:00 цаг хүртэлх хугацаанд авто замын болон явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, орон сууц, гэр хорооллын бүсэд цагдаа нар хамгаалалтад гарах юм.
Засгийн газрын өнгөрсөн сарын 21-ний хуралдаанаар covid-19 цар тахлын үеийн гамшгийн түвшинг ногоон, шар, улбар шар, улаан гэсэн дөрвөн өнгөөр ангилж, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн ажиллах түр журмыг баталсан. Хэрэв халдвар хүн амын дунд өргөн тархаж, сүүлийн 14 хоногт шинээр батлагдсан тохиолдлын 25-аас дээш хувьд халдварын эх үүсвэр тодорхойгүй буюу тархвар зүйн холбоогүй тохиолдолд ‘Улбар шар’ түвшинд шилжихээр түр журамд заажээ.