Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас нэн хөнгөлөлттэй зээл авч зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт гэм буруутайг нь гурван шатны шүүх тогтоосон УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг өчигдөр суллажээ. Тус сангаас авсан зээл, хүү, мөнгө хүүлж олсон орлого зэргээ төлж улсыг хохиролгүй болгосон, эрүүл мэндийн шалтгаантай тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан уучлал үзүүлэхийг хүссэн аж. Түүнийх нь дагуу Ерөнхийлөгч зарлиг гарган Г.Солтаныг уучилжээ. Тиймээс өчигдөр 22.00 цагийн үед ШШГЕГ-ын харьяа хорих 429 дүгээр ангиас сулласан байна.
УИХ-ын гишүүн асан Г.Солтан нь төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт сайдаар нь хэлүүлж тухайн төслийг шалгаруулах шаардлагатай гэсэн чиглэл өгч, 950 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдсоныг, мөн мөрдөгч, прокурорын дуудсан цагт ирэхгүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ халхавчилж зугтаж байсан билээ. Гэсэн хэдий ч Улсын дээд шүүх Г.Солтанд холбогдох хэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээснээр хорих ялаа биечлэн эдэлж дээрх ангид шаазан урлалын багшаар ажиллаж байсан юм.