Монгол Улсын хилээ тавдугаар сарын 1-нээс эхлэн шат дараатай нээхээр төлөвлөж байна. Иймд 5 дугаар сарын 1-нээс тусгай үүргийн нислэгийг тогтмол хуваарьт нислэгт шилжүүлж, дөрөвдүгээр сард товлосон тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд тийзээ шууд худалдан авах энгийн горимд шилжиж эхэлсэн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариулахдаа мэдээлж байлаа.
Өнгөрсөн хугацаанд дипломат төлөөлөгчдийн газруудаас өгсөн мэдээллээр цар тахлын үед нийт 5,254 иргэний визийг сунгуулж, 272 иргэнийг 792 сая орчим төгрөгийн визийн торгуулиас чөлөөлжээ.
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас 2020 онд 432 иргэнд 360.9 сая, 2021 оны эхний гурван сарын байдлаар нийт 46 иргэний нислэгийн тийз болон тусгаарлах байрны зардалд 97 сая төгрөгийг дэмжлэг үзүүлжээ.