Хятадын Хубэй мужийн төв Ухань нь Хятадын хурдацтай хөгжиж буй ирээдүйн гол тоглогч хотуудын нэг. Ухань хот нь хэдэн мянган жилийн түүхт гурван хотын туурь дээр боссон. Тус хотын дундуур Азийн хамгийн том Хөх мөрөн урсдаг. Хятадын төв хэсгийн хамгийн том, хүн ам ихтэй Ухань хотод 11 сая орчим хүн оршин суудаг. Тус хот нь Хубэй мужийн бусад хотыг холбодог тээврийн гол зангилаа. Уханьд 89 их сургуульд жил бүр 1.3 сая гаруй оюутан суралцдаг.
АНУ, Бразил зэрэг улсад өнгөрсөн наймдугаар сард цар тахлын нөхцөл байдал хүндэрч, өдөрт хэдэн зуун хүн нас барж байхад Хятадын Ухань хотын оршин суугчид усны хувцастай шоу зохион байгуулсан нь олон улсын анхаарлыг татсан. Ухань хотын Маяа эргийн усан паркад 15 мянга орчим хүн амны хаалтгүй, хүн хоорондын зай барилгүй, электроник хөгжмийн фестивальд оролцсон зураг цахим сүлжээнд тархсан. Тус усан паркад амралтын өдрүүдэд парти зохион байгуулж, тухай бүрт олон мянган хүн цугларч байв.
ХОТОД 76 ӨДРИЙН ХАТУУ ХӨЛ ХОРИОГ ТОГТООСОН
Уханьд үл мэдэгдэх амьсгалын замын халдварт өвчин тархсанаар 2020 оны нэгдүгээр сарын 23-нд хатуу хөл хорио тогтоосон. Тухайн үед Уханьд 17 хүн нас барж, 400 гаруй хүн халдвараар оношлогдсон байв. Харин өнгөрсөн оны гуравдугаар сараас хотод тогтоосон хатуу хөл хориог аажмаар сулруулж эхэлсэн ба нэг гэр бүлээс нэг хүн хоёр цагийн хугацаанд байрнаасаа гарч болохыг зөвшөөрч байв. Улмаар зарим худалдааны төвүүдийг нээж, нийтийн тээвэр үйлчилж эхэлсэн боловч тавдугаар сард дахин хөл хорио тогтоосон юм. Мөн хотын 11 сая оршин суугчийг бүхэлд нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж эхэлжээ. Харин өнгөрсөн оны зургадугаар сараас гудамжуудад эргэн хүний хөл хөдөлгөөн сэргэж, шөнийн захууд ажиллаж эхэлсэн байв. Эцэст нь 2020 оны долдугаар сарын сүүлээс Хятад даяар олонх хотууд эргэн хэвийн амьдралдаа эргэн орсон билээ.