Энэ жил цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг нээх үү гэдэг нь иргэдэд хүлээлт үүсгээд байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн зүгээс энэ жил танхимын сургалтыг нээхээр төлөвлөснийг өмнө нь мэдэгдсэн. Гэвч хичээлийн шинэ жилийг нээхийг Засгийн газар, Улсын онцгой комиссоос эцэслэн шийдээгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимаар эхлүүлэхээр тодорхой хувилбар, төлөвлөлтүүдийг салбарын яам боловсруулсан байна. Үүнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
“ЗУРГААН НАСТНУУДЫН БҮРТГЭЛ НАЙМДУГААР САРААС ЭХЭЛНЭ”
–Намар хаяанд ирж цэцэрлэг сургуулиуд үүдээ нээх үү гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хичээлийн шинэ жилийг эхлүүлэх асуудлаар ямар бодлого төлөвлөгөөтэй ажиллаж байна?
-Боловсрол шинжлэх ухааны яам цар тахлын үед боловсролын үйлчилгээг тасалдуулахгүй байхад сүүлийн хоёр жил бүх чадлаа дайчлан ажилласан. Хэдийгээр зайнаас тодорхой хугацаанд хичээллэсэн ч танхимын сургалтыг гүйцэх төгс сургалт өнөөдрийг хүртэл алга.
Ерөнхий боловсролын хичээлийн агуулгыг цахим контент руу шилжүүлсэн ч хүлээн авч буй хүүхэд бүрт хүртээмжтэй биш. Харилцан адилгүй орчин нөхцөлд хүүхдүүд амьдарч байгаа учраас теле хичээл ялгаатай байдлыг үүсгэж байгаа юм.
Иймд танхимын сургалтыг эхлүүлэх шаардлагатай. Үүнийг ч дэлхийн олон улс зөвлөж, бид ч мэдэрч байна. Цар тахал дэгдсэнээс хойш хоёр жилийн хугацаанд хүүхдүүд хичээлийн хоцрогдолтой болсон. Үүнийг хэрхэн яаж арилгах талаар салбарын яам өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн үндэсний хэмжээний цогц төлөвлөгөөг боловсруулаад ажиллаж байна. Хичээлийн шинэ жилийг эхлүүлэх, танхимын сургалтыг нээхээр бид бэлтгэл ажлаа хангаж байгаа ч Засгийн газар, Улсын онцгой комисс эцэслэнэ. Иймд салбарын яамны зүгээс хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд бүхий л талаар бэлтгэл ажлыг хангаж байна.
–Эцэг, эхчүүдийн хувьд зургаан настнуудыг бүртгэх үү гэдэгт хүлээлттэй байна. Шинээр нэгдүгээр ангид элсэх сурагчдыг хэзээнээс бүртгэж эхлэх вэ?
-Covid-19 халдвар дэгдэхээс өмнөх жилүүдэд бид хавар нь нэгдүгээр ангийнхныг бүртгэж, ирэх оны төсвийн төлөвлөлтөд тусгах байдлаар ажилладаг байсан. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил нэгдүгээр ангийнхны элсэлтийг намар наймдугаар сараас эхлүүлэх зохицуулалт хийж байна. Аль болох эрсдэл багатай цахимаар бүртгэх боломжийг эрэлхийлж байна.
Энэ жилийн хувьд наймдугаар сарын хоёрдугаар долоо хоногоос эхлэн тухайн орон нутаг нэгдүгээр ангийн элсэлтээ эхлүүлнэ. Ингэхдээ боловсролын цахим системд тулгуурласан хүндрэл чирэгдэл багатай нээлттэйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Урьдчилсан байдлаар, энэ жил 81 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх урьдчилсан тооцоо бий.
“ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛЖ ЕСДҮГЭЭР САРЫН НЭГЭНД ЦАХИМААР НЭЭЛТ ХИЙХ БАЙХ”
–Энэ намар хичээлийн шинэ жил цар тахлыг дотоодод алдсан үед эхэлнэ гэдгээрээ онцлог байна. Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийг танхимаар эхлүүлэх үү гэдэг хүлээлт маш их байна. Эсвэл цахимаар уу?
-Халдварын тархалт нөхцөл байдлаас шалтгаалан мэргэжлийн байгууллагууд зөвлөмж гаргаж, заавар чиглэл өгнө. Бид аль болох олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй, халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л зохион байгуулалтыг хийж, эрсдэл багатай хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгуулна. Тиймээс есдүгээр сарын 1-нд цахимаар нээлтээ хийх болов уу. Өнгөрсөн жил ч бас бид есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийг цахим нээлтээр эхлүүлсэн. Гэхдээ сурагчдыг аль болох танхимын сургалтад хамруулахыг зорино. Тухайн үед халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан танхимын болон танхимын бус хосолсон сургалт явах боломжтойгоор хичээлийг эхлүүлнэ.
–Тэгэхээр сурагчид танхимын болон зайнаас гэсэн хосолсон хэлбэрээр хичээллэх үү?
-Хэрэв сурагчид танхимаар хичээллэхээр болбол ямар цагийн хуваарьтай байх, анги танхимын зохион байгуулалт ямар байх зохицуулалт, хувилбарыг боловсруулсан. Тухайлбал, 5:9 стратеги хэрэгжүүлж болно.
Тухайн анги бүлэг тав хоног танхимаар хичээллээд дараагийн 7 хоног нь зайнаас хичээллэх хувилбар байж болно. Гэхдээ наймдугаар сарын дунд үеийн халдварын нөхцөл байдлаас зохицуулалт, хувилбарыг эцэслэнэ.
Магадгүй вакцинжуулалт, байгалийн дархлаа, одоогийн мэргэжлийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй ажлууд үр дүнгээ өгвөл хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй сайн хувилбаруудыг хэрэгжүүлнэ. Өнгөрсөн жил 2:3 буюу долоо хоногийн гурван өдөр танхимаар, хоёр өдөр нь зайнаас хичээллэснээр нэг сургууль, анги танхимын ачаалал буурч байсан. Нэг ангид суралцах хүүхдийн тоог 25-д барьж байсан.