Засгийн газраас Замын-Үүд дэх Эдийн засгийн чөлөөт бүсийг нээн, байнгын ажиллагааг эхлүүлэхээр шийдвэрлээд байна. Үүнтэй холбогдуулан чөлөөт бүсийг дэд бүтцээр бүрэн хангах ажлыг эрчимжүүлэхээр холбогдох сайд нараас бүрдсэн ажлын хэсгийг байгуулан газар дээр нь очиж ажиллан, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгосон.
Шийдвэрийн дагуу “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас чөлөөт бүсийг энэ оны 8 дугаар сарын 14-ний өдөр байнгын үйл ажиллагаанд оруулах бэлтгэл ажлыг хангаж байна. Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдэд ажиллах үеэр Эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ, “Чөлөөт бүсийн ач холбогдлыг бид сайн мэдэрч, ойлгож, ялангуяа хэрэгцээ шаардлага нь ямар чухал гэдгийг бүх шатанд ойлгох ёстой. Хэрэв Замын-Үүдийн чөлөөт бүсийг үгүйдээ 10 жилийн өмнө ашиглалтад оруулаад үйл ажиллагааг нь эхлүүлчихсэн байсан бол өнөөдөр Замын-Үүдтэй холбоотой ачаа бараа, 100 машины орох, гарах асуудал яриад сууж байхгүй байсан. Тийм учраас Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг нэн яаралтай эхлүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан.
8 дугаар сарын дунд үеэс эхлүүлээд цааш үе шаттай эрчимжүүлнэ. Ойрын жилүүдэд үйл ажиллагаа нь жигдэрч, жинхэнэ эдийн засгийн эргэлтийг бий болгох боломж нь бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн томоохон үүд хаалга болж байна гэсэн үг. 90 квт-ын хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орсноор Замын-Үүдэд байгаа олон нам даралтын болон уурын зуухууд шаардлагагүй болно. Тэр хэмжээгээрээ эрчим хүчний хэрэглээг өөр эх үүсвэрээс хангах, мөн Замын-Үүдийн боомтод барьж буй нэвтрэх цогцолборын өргөтгөлийг дулаан эрчим хүчээр хангана. Чөлөөт бүсийн 900 га газарт үйл ажиллагаа явуулах ААН-үүд дулаанаар хангагдана, ариутгах татуургын үйл ажиллагааг хэвийн явуулна. Дээр нь дэд бүтцийн шугам сүлжээний ажлын хөрөнгө оруулалтыг шийдээд явах боломжтой юм. Ингэснээр ААН-үүд, дотоодын хөрөнгө оруулагч нарт боломжийг нээж өгөх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг татах замаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Чөлөөт бүсийн үйл ажиллагаа улам эрчимжих юм” гэв.
Эдийн засгийн чөлөөт бүсийн талаар захирагч А.Энхзул танилцуулахдаа, “Бид Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээнэ гэж 23 жил ярьсан. Яагаад саатсан гэхээр тодорхой хэмжээгээр улстөржиж байсных уу, эсвэл буруу ойлголтоос болоод бүсийн үйл ажиллагаа урагшаа яваагүй, ажиллуулаагүй, нээгээгүй ирсэн. Одоо харин төр, засаг үйл ажиллагааг эрхзүйгээс эхлээд бүх талаар дэмжиж байнгын ажилд оруулах гэж буйд баяртай байна. Ингээд бид Чөлөөлт бүсийн нээлтийг зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэлийг хангаж байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж нээлтэд олон хүнийг цуглуулахгүйгээр, гол нь Чөлөөт бүсийнхээ үйл ажиллагааг гадна, дотно сурталчилан, хэвлэл мэдээллээр мэдээлэх байдлаар хийнэ” хэмээн танилцуулав. Түүнээс зарим зүйлийг тодруулав.
-Үйл ажиллагаа байнгын болж нээх гэж буйтай холбоотойгоор ААН-үүд хэр хандаж байна? Ямар санал хүсэлт тавьж байна?
-Одоогийн байдлаар манай чөлөөт бүсэд 50 гаруй ААН үйл ажиллагаа явуулахаар газар эзэмшиж байгаа. Үүнээс 7 нь барилга байгууламжаа бариад эхэлсэн. Бүс байнгын үйл ажиллагаанд орох гэж буй шийдвэртэй холбогдуулаад одоо хөрөнгө оруулаад буй ААН-үүдийн үйл ажиллагаа идэвхижиж байна. Чөлөөт бүсийн захиргаанаас ААН-үүдэд ямар нэг хязгаарлалт хориг байхгүй. Хөрөнгө оруулалт эрчимтэй орж ирнэ гэж итгэж байна. Нээлт маань бизнес эрхлэгч нарт, хөрөнгө оруулагч нарт таатай мэдээлэл болж, хамгийн гол нь том итгэл төрүүлж байгаа байх.
Захирагчийн Ажлын албанаас энэ онд дэд бүтцийн станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч иргэн, ААН-үүдэд таатай орчин бүрдүүлэх, тогтвортой менежмент бүхий үйл ажиллагааг дэмжих, чөлөөт бүсэд боомтын нэвтрэх системийг байгуулах зэрэг ажлыг үе шаттайгаар хийж байна. АХБ-тай хамтран “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.
Одоогийн байдлаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3,4 дүгээр хэсэгт цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, автозам, холбоо дохиолол, дулааны станцын барилга байгууламж барьж байгуулсан. Цахилгаан станц бүрэн хүчин чадлаар ажиллах юм бол чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг тэр чигт нь хангах бүрэн боломжтой.
-КОВИД-19-ийн халдварын нөхцөл бизнес, эдийн засгийн байдалд их нөлөөлж буй. Бүсийн үйл ажиллагаа бүрэн утгаар хэрэгжээд явахад ямар асуудал гарна гэж болгоомжилж байна вэ?
-Хил хаалттай, хязгаалалттай, хатуу хоритой байгаа үед мэдээж болгоомжилгүй яах вэ. Шууд харилцаад явахгүй учраас асуудал гарна. Манай бүс БНХАУ-ын Эрээний чөлөөт бүстэй хамтарсан Эдийн засгийн чөлөөт бүс болох байгаа. Чөлөөт бүсийн талаарх хоёр улсын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталсны дараагаар хоёр талын Засгийн газрын холбогдох сайд нар оролцсон Бодлогын зөвлөлийг байгуулах юм. Байгуулсны дараагаар хоёр улс Чөлөөт бүсийн талаар хэрхэн хамтарч ажиллаж, үйл ажиллагааг уялдуулан идэвхижүүлэх вэ гэсэн шийдвэрүүд гарна. Түүнийг бид хүлээж байна.
Бүсийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар өнгөрсөн 8 дугаар сард тодотгож дууссан. Энэ төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн төлөвлөгөөг бас боловсруулж хэрэгжүүлээд явж байна. Үүнээс гадна хууль, эрхзүйн шинэчлэлийг хийхээр УИХ, Засгийн газар хэлэлцэж шийдвэрлэх зүйл бий. Засгийн газраар ороод шийдвэрлэсэн, УИХ-д өргөн барьж байгаа Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, мөн өөрчлөлт шинэчлэлтийг хийх, тэр хэрээрээ хөрөнгө оруулалтыг татах, ААН-үүдэд боломж олгох нөхцөл бүрдэх юм” гэв.
Чөлөөлт бүсийг нээхтэй холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэх хил гааль, мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн харьяатын алба зэрэг холбогдох мэргэжлийн албадын үйл ажиллагааг явуулах, зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хэсгийг байгуулжээ. “Замын-Үүд” чөлөөт бүсээр зорчигч ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр тус боомт дээр үүсээд байгаа ачаа тээврийн бөөгнөрлийг бууруулж, тээврийн урсгалыг нэмэгдүүлж, нэвтрэх чадварыг сайжруулах юм.