Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын намаас /МАН/ нэр дэвшигч Э.Батшугар болон Ц. Идэрбат нар олонхийн санал авч, ялалт байгуулсан. Э.Батшугар нийт сонгогчийн 51.2 хувийн санал буюу 28537 сонгогчийн санал авсан бол Ц.Идэрбат нийт сонгогчийн 73.3 хувь буюу 17264 хүний санал авсан юм.
УИХ СЕХ-ны дүнг хүлээн авсны дараа УИХ-ын чуулганаар шинэ гишүүдээ тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай. Шинээр сонгогдсон гишүүд өнөөдөр /2021.10.21/ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тангаргаа өргөнө.
Э.Батшугарын хувьд 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт “өвдөг шороодсон” ч ийнхүү аав нь намын тамгаа наймаалцаны хүчинд эрхэм гишүүн гэгдэх болж байна. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН, МАН нэгдэх гэрээнд гарын үсэг зурж, улс төрийн том тохироо хийсэн юм. Үүний үр дүнд Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Н.Энхбаярын хүү Э.Батшугар МАН-аас нэр дэвших боломж бүрдсэн юм. МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр 95 хувийн саналаар дэмжсэн. Түүний намтар түүхийг нь сөхвөл 1987 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. АНУ-ын Калифорни мужийн ахлах сургууль, АНУ-ын Массачусетс мужийн Уолтхэмд байрлах Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцан төгсчээ.
МАН-ын залуу боловсон хүчнүүдийн нэг. Улс төрд бэлтгэгдэж яваа Ц.Идэрбат нь Хэнтий аймгийн Засаг даргаар 2020 оноос хойш ажиллаж байгаа. Тэрбээр 1981 онд төрсөн, 1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн бакалавр зэрэгтэй гэж намтартаа өгүүлжээ. Мөн Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн байна.
Нэр дэвшигч Ц.Идэрбатын хувьд орон нутгийнхаа МАН-ын хороонд анхан шатнаас ажилласаар өдий хүрчээ. Төрийн албаны туршлага гэвэл Хэрлэн сумын Засаг даргын орлогч, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа түүнийг аймгийн Засаг даргаар томилсон байдаг.