Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар “Газпром” НХН-ийн ТУЗ-ын орлогч дарга Бурмистрова Елена Викторовнатай уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой тавих төслийн ажил цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлаас үл хамааран Хамтарсан ажлын багийн төлөвлөгөөний дагуу эрчимтэй урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Энэ оны аравдугаар сард уулзахад хэлэлцэж тохирсончлон Монгол Улсын Төрийн тэргүүний айлчлалаас өмнө Байгалийн хийн хоолой тавих төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг эцэслэнэ гэсэн зорилтдоо хүрсэн учраас дараагийн хэлэлцээр болон бусад баримт бичгийн төслүүдийг боловсруулах ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.
“Энэхүү төсөл нь манай хоёр орны “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-г баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл бөгөөд хоёр улсын төр засгийн түвшинд, ялангуяа Төрийн тэргүүн нар өндөр ач холбогдол өгч дэмжин ажиллаж буйд талархалтай байна” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мөн үеэр онцолсон юм.
Мөн Монгол талаас Улсын олон улсын стандартын шаардлага хангасан ноос, ноолуур, арьс, шир, нэхий болон махан бренд бүтээгдэхүүнийг “Газпром”-ын компаний ажилтан албан хаагчдын хэрэгцээнд нийлүүлэх санал дэвшүүлсэн байна. Энэ асуудлыг ажил хэрэг болгохоор Монголын талаас эхний ээлжинд нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүний танилцуулга, үнийн саналыг А.В.Маркелов даргын ажлын албанд хүргүүлжээ. ОХУ авах боломжтой бараа бүтээгдэхүүний мэдээллээ ойрын хугацаанд эцэслэж өгвөл дараа дараагийн худалдаа үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж найдаж байна хэмээн уулзалтын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан хэллээ.