Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Баруун, зүүн коридорын төмөр замын төслийн талаар болон Алтанбулаг, Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн хурдны авто замын төслийн талаар танилцуулжээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл өглөө.
Тэрээр “Өнөөдрийн хуралдаанаар хоёр гол асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, төмөр замын төслүүдийг цааш нь хэрхэн явуулах талаар хэлэлцсэн. 2013 онд Монгол Улсын Засгийн газраас гарсан 28 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай хэлэлцэж, тогтоол батлагдлаа. Энэ 2013 онд тогтоол гарахдаа Монгол Улсад хэрэгжих төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд буюу 2010 онд Монгол Улсын Их хурлаас батлагдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтад заасан нэг, хоёрдугаар үе шатны ажлуудыг гүйцэтгэх, барих, ашиглах концессийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон байдаг. Өнөөдөр үүнийг ярилцаад тус компанид үргэлжлүүлэн олгож, үйл ажиллагааг эрчимжүүлэхээр болсон. Баруун босоо чиглэлийн төмөр замын хувьд Нарийн сухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км орчим төмөр зам. Зүүн босоо чиглэл дээр Чойбалсангаас Хөөт Хөөтөөс Бичигт чиглэл дээр нийтдээ 420 км зам баригдахаар төлөвлөгдөж байна. Өнөөдөр Засгийн газрын шийдвэр гарч Монголын төмөр зам компани гадны болон дотоодын хөрөнгө оруулагч нар баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын дагуу байгаа уул уурхайн лиценз эзэмшдэг компаниудтай хамтарч уг төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарлаа. Төсөл хэрэгжиж дууссаны дараа 2725 орчим километр төмөр зам шинээр баригдах нь. 2022 оны эхний хагаст багтааж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийг явуулна. Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулна. Мөн дээрээс нь Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ. Түүнчлэн Улаанбаатар төмөр замын суурь бүтцийн шинэчлэл гэсэн асуудлууд дээр төр өөрийн мөнгөө гаргаж ажиллана.
Хоёрт, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозамын тухай асуудлыг өнөөдөр хэлэлцэж олон улсад нээлттэй тендер зарлахаар боллоо. Энэ чиглэлд нэг бус удаа тендер зарлагдсан ч гүйцэтгэл тааруу байсан учраас Үндэсний хөгжлийн газартай хийсэн гэрээ цуцлагдсан. Иймээс цаашид олон улсын нээлттэй тендер зарлах нь зүйтэй юм байна гэсэн шийдвэрт хүрсэн” гэв.