Амстердамын нисэх буудалд өчигдөр газардсан каргоны онгоцноос дугуйн дотор нуугдаж хулгайгаар ирсэн зорчигч олджээ. Онгоц Өмнөд Африкийн Йоханнесбургээс хөдлөөд 10 мянган км зам туулан, 11 цаг гаруй ниссэн байна. Уг зорчигчийн яг хэн гэдэг нь тодорхой болоогүй байгаа ч 16-35 орчим насных гэж таамаглаж байгаа аж.
Нисэх буудлынхан эхлээд хүнтэй төстэй зүйл олж хараад, тэр даруй холбогдох хүмүүст мэдэгджээ. Цагдаа болон эмнэлгийнхнийг ирж үзлэг хийхэд тухайн хүн амьд боловч биеийн дулаан нь нэлээн буурсан байжээ. Онгоцны буудал дээр анхан шатны яаралтай тусламж үзүүлсний дараа уг хүнийг Амстердамын эмнэлэгт шилжүүлсэн байна. Түүнийг эдгэрсний дараа орогнол хүсч ирсэн эсэхийг тодруулсны үндсэн дээр “Орогнол хүсэгчдийн төв”-д шилжүүлэх аж.
“Бид энэ хүнийг олоод маш их цочирдсон. Юу юунаас илүү, маш хүйтэн цаг агаарын нөхцөлд 10 мянга гаруй км зам туулаад, амьд хүрч ирсэнд нь маш их цочирдож байна” гэж цагдаагийн төлөөлөгч Жоан Хелмонд хэлэв.
Люксембургийн карго тээврийн “Cargolux” компани нөхцөл байдлыг бүрэн шалгаж дуустал мэдээлэл өгөхөөс татгалзжээ.