Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 729.2 (24.2 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 784.3 (36.1 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь голлон нөлөөлжээ. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 31.2 (5.8 хувь) тэрбум, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 19.7 (7.1 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 4.3 (18.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 784.3 (36.1 хувь) тэрбум төгрөгөөр багасахад хүрэн чулуун нүүрс олборлолт 752.2 (75.5 хувь) тэрбум, газрын тос олборлолт 136.5 (94.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт төмрийн хүдэр олборлолт биет хэмжээ 74.1 хувиар нэмэгдэж, харин алт, хүрэн нүүрс, зэсийн баяжмал, хайлуур жонш, чулуун нүүрс, газрын тос олборлолт биет хэмжээгээр өмнөх оны мөн үеийнхээс 1.4 – 97.2 хувиар багаслаа.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс (99 хувь), согтууруулах ундаа, самнасан ноолуур, шохой, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 0.8 хувиас 6.8 дахин өсөж, харин цэвэр спирт, ус, ундаа, жүүс, янжуур тамхи, боловсруулсан шингэн сүү, нүүрсэн шахмал түлш, гурил, амны хаалт, малын мах, гар ариутгагч, цемент зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.0 – 93.6 хувиар багассан байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (28.9 хувь) их наяд төгрөгөөр багасав. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 1.2 (40.2 хувь) их наяд төгрөгөөр багассан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (40.2 хувь) их наяд төгрөгөөр багасахад чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбарын борлуулалт 835.2 (71.7 хувь) металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 224.5 (13.1 хувь) тэрбум, бусад ашигт малтмал олборлолтын салбарынх 36.8 (76.1 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлөв.
Гадаад зах зээлд 2022 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний 82.5 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 17.1 хувийг нүүрс олборлолтын салбар, 0.4 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс металлын хүдэр олборлолтын салбар 24.9 нэгж хувиар нэмэгдэж, нүүрс олборлолтын салбар 18.8, бусад ашигт малтмал олборлолтын салбар 0.9 нэгж хувиар багассан аж.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо 2022 оны 2 дугаар сард 170.4 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.9 хувиар нэмэгджээ.