Улсын их хурлаас өнгөрсөн оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг хөнгөлөхөөр болсон. Энэ шийдвэрийн хэрэгжсэнээр зөрчил гаргасан жолоочдын 30-аад хувь нь төлбөрөө барагдуулжээ. Өршөөл үзүүлсэн ч өр, төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа учир торгуультай жолоочдод төрийн зарим үйлчилгээг хязгаарлахаар болсон байна.
Тээврийн цагдаагийн албаны цахим хуудаст торгуультай холбоотой асуудлаар өдөрт 150-250 санал гомдол бүртгэгддэг аж. Тус албанаас өгсөн мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 200-гаас дээш торгуультай 48 хүн, 100-200 орчим торгуультай хүн 1000, 50-100 торгуультай хүн 8000 байна.
ТЦА-ны замын цагдаагийн газрын дэд дарга хурандаа Б.Батболдын хэлснээр “20-50 торгуультай нийт 70 мянган жолооч байгаа. Хуримтлагдсан торгууль төлөлт 2020 онд 70 хувьтай байсан бол өнгөрсөн онд 45 хувь болж буурсан. Тиймээс төлөлт бага болсон учраас ТЦА-наас холбогдох албаныханд торгуультай жолооч нарт төрийн зарим үйлчилгээг хязгаарлах санал тавьсан. Эрүүл мэнд болон нэн шаардлагатай тусламж үйлчилгээнээс бусад төрийн үйлчилгээг хориглох нь зүйтэй. Хэрэв хязгаарлалт тогтоож чадвал торгуулийн төлөлт нэмэгдэнэ гэж харж байна” гэсэн юм.
Одоогоор энэ санал албажаагүй байна. Хэрэв хэрэгжиж эхэлсэн тохиолдолд торгуультай жолооч нарт төрийн зарим үйлчилгээг үзүүлэхгүй болно гэсэн үг.
Улсын хэмжээнд нэг сая 83 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс 700 мянга орчим нь нийслэлд өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог гэх судалгаа байна. Жолооч нарын тухайд 90 хувь нь 10 мянган төгрөгөөс найман сая хүртэлх төгрөгийн торгуультай. Иймд торгуулийн эргэн төлөлтийг сайжруулахын тулд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж албаныхан үзжээ.