Кремлийн эрх баригчид Украинд явуулж буй дайны ажиллагаагаа удирдуулахаар харгис хэрцгий тактикаараа алдартай генералыг томилсон тухай АНУ-ын албаныхан Ням гарагт мэдээлжээ.
Вашингтоны албаны эх сурвалжийн мэдээлснээр 60 настай генерал Александр Дворников нь Чечений дайнд оролцож, Сирид байлдааны ажиллагаа удирдаж байсан туршлагатай хүн юм байна.
Өнөөдрийг хүртэл Оросын зэвсэгт хүчин Украинд ерөнхий командлагчгүйгээр тулалдаж байсан юм.
“Ямар ч генерал томилогдсон Украины энгийн иргэдийн эсрэг дайны гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн нэг болох нь тодорхой. Миний өмнө нь хэлсэнчлэн түүнийг болон түүний удирдсан зэвсэгт хүчнийг эсэргүүцэх украинчуудын тэмцэлд АНУ бүх талын тусламж үзүүлэх болно” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан NBC сувгийн “Meet the Press” буланд оролцохдоо мэдэгджээ.
Нийслэл Киев болон Украины бусад томоохон хотуудыг эзэлж чадаагүй Оросын арми одоо Донбассын бүс нутагт хүчээ хуримтлуулж, шийдвэрлэх тулаанд бэлдэж байгаа.
Уг тулааныг Дворников гардан удирдах нь тодорхой болжээ.
Тэрбээр 1982 оноос хойш Зөвлөлт болон Оросын зэвсэгт хүчинд албан тушаал ахиж яваа офицер юм байна.
Дворников Чечений хоёрдугаар дайнд оролцож, 2015 онд Сири дэх Оросын цэргийн командлагчаар томилогджээ.
Түүнийг командлагчаар ажиллаж байх үед Оросын агаарын хүчин Сирийн хотуудыг газрын хөрстэй тэгшилж байсан юм.
2016 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүнд Улсын Баатар цол олгож байжээ.
2016 оноос хойш тэр өнөөдрийг хүртэл ОХУ-ын зэвсэгт хүчний өмнөд тойргийн командлагчаар ажиллаж байгаа юм байна.
Сирийн армид дээд тушаалын офицер байгаад сүүлд гадаадад дүрвэсэн Фарес Аль Баюуш “Би түүнийг Сирид хэрэглэж байсан газрын хөрстэй тэгшлэх тактикаа Украинд хэрэглэнэ гэж бодож байна. Тэр үүндээ маш сайн. Тэр бол дайны гэмт хэрэгтэн мөн” хэмээн Дворниковын талаар ярьжээ.
Өөрөөр хэлбэл Сирийн хот тосгодыг дайснаасаа чөлөөлөхийн тулд энгийн номхон иргэдийнх нь хамт эрчимтэй бөмбөгддөг тактикыг Дворников хэрэглэж байсан гэнэ. Гэхдээ Сириэс ялгаатай нь Оросын зэвсэгт хүчин Украинд мэргэжлийн армитай тулалдаж байгааг Баюуш бас онцолсон юм.
Башар Аль Ассадын дэглэмийг сүйрлийн ирмэгт тулаад байх үед нь Оросын зэвсэгт хүчин агаарын довтолгоогоор дэмжсэний үр дүнд засгийн газрын цэрэг босогчдоос олон хот сууриныг чөлөөлж, хяналтаа тогтоож байв.
Сирид тулалдаж байсан Оросын генерал Украинд бас үүнээс дутуугүй харгис аргаар тулалдана гэж бодож байгаагаа Салливан өчигдөр ярьжээ. Гэхдээ АНУ-ын засаг захиргаа Украиныг тасралтгүй дэмжихийг тэр батлан илэрхийлсэн байна.
“Украиныг ялалтад хүргэхийн тулд бүхнийг хийх нь манай хөдөлшгүй бодлого. Өөрөөр хэлбэл бид тэдэнд зэр зэвсэг нийлүүлж, тулааны талбарт ахиц гаргахад нь туслах болно. Зэр зэвсгийн тусламжаас гадна эдийн засгийн хүчтэй хоригоор хэлэлцээний ширээний ард давуу тал олоход нь үргэлжлүүлэн туслах болно” гэж Салливан ярьжээ.
Эх сурвалж: Associated Press