Төсвийн Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, жижиг, дунд үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг нэмэгдүүлэх, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг хэрэгжихэд ойлгомжтой болгох чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсныг Сангийн сайд танилцуулгадаа дурдсан.
Тодруулбал,
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний төсөвт өртгийг хуулиар өөрчлөн баталсан бол гэрээний үнийг нэг удаа нэмэгдүүлэн өөрчлөх боломжтой байх,
- Монгол Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад багтсан төсөл арга хэмжээтэй холбогдуулан тендер шалгаруулалтыг хялбаршуулах,
- шаардагдах санхүүжилтийн 30-аас доош хувийг төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс санхүүжүүлэх тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд хамаарахгүй байх,
- гүйцэтгэлийн баталгаа, гэрээний үнэ 5 хувь байсныг 3 хувь болгон бууруулах,
- тендерийн баталгаа 2 хувь байсныг 0.5 хувь болгон бууруулах,
- зүгшрүүлэх, тохируулах хугацааны барьцаа 5-10 хувь байсныг 5 хувь байхаар тус тус тогтоож,
- барьцааны хугацааг 4 жил байсныг 1 жил болгон бууруулж,
- тендерийг 30 хоногт зохион байгуулдаг байсныг ажлын 15 хоногт шийдвэр гаргах талаар хуулийн төсөлд тусгасан гэж байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж, Д.Өнөрболор нар асуулт асууж, Сангийн сайд Б.Жавхлан хариулт өгсний дараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.