Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2020.11.24) хуралдлаа. Энэ үеэр гишүүд Монголбанк болон СЗХ-ноос асуулт асууж, тодруулга авсан юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР:
-Хоёр тэрбум төгрөг хүртэлх зээлийн хүүг гурван сарын хугацаанд хүүгийн төлбөрөөс чөлөөлөх боломж байна уу? Бүр болохгүй бол хадгаламжийн хүүг гурван сарын хугацаанд тэглэх саналаа Монголбанк оруулаад ирж болно шүү дээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА:
-Нийт хадгаламжийн дийлэнх хувийг цөөн хүн эзэмшдэг юм чинь хадгаламжийн хүүнээс татгалзаад, эдийн засгаа илүү дэмжсэн бодлого явуулмаар байна. Монголбанк энэ чиглэлд саналаа оруулж ирэхгүй юм уу? Иргэдийн зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулсан ч гэсэн хүүгээ төлөөд л явахаар болж байна. Зээлийн батлан даалтын сан зээлтэй хүнд зээл гаргахгүй гэдэг. Энэ байдлыг өөрчилмөөр байна.
МОНГОЛБАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Г.ДӨЛГӨӨН:
-Зээлийн батлан даалтын сангаас нийт гаргаж буй зээлийн 60 хувийг гаргадаг. Хүчин чадал, нөөцийн талаар тодорхой мэдээлэл алга. Монголбанк оролцдоггүй, Сангийн яамны харьяа.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН:
-Аж ахуйн нэгжийн авсан арилжааны зээлийг царцаасан ч хүүгээ нэхээд байна гэсэн асуудал яригдаж байна. Онцгой цаг үед хамгийн түрүүнд хадгаламжийн хүүгээ зогсоовол яах вэ. Тэгэхээр өртөг бүрдүүлж байгаа зээлийн хүү аяндаа буурчихна. Тийм учраас зээлийн хүү буугаад ирэхээр ядахдаа зогссон аж ахуйн нэгжүүдэд арай хөнгөн тусна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа таг зогссон гэдэг дээр онцгой анхаараад, зээлийн хүүг бууруулах тал дээрээ илүү ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй байна. Энэ нь хадгаламжийн хүүтэй уялдаж байна. Давтагдашгүй хүчин зүйлээ баримтлаад, гурван сар, эсвэл хагас жилээр хүүгүй болгочих хэрэгтэй байна. Зээлийн хүүг буулгах боломж бол хадгаламжийг хүүгүй болгоод өгөх хэрэгтэй. Эрсдэлээс айгаад байвал юу ч хийхгүй. Хадгаламжийн хүүгээ 3-6 сараар ч юм уу зогсоо. Одоо гудсан доороо мөнгөө хийдэг хүн байхгүй болсон. Гадны орнуудад мөнгөө хадгалуулсны төлөө банк шимтгэл авдаг болоод байна. Манайд банк нь өөрөө оршин тогтнохын тулд хүү амлаад байгаа чинь буруу байна.
МОНГОЛБАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Г.ДӨЛГӨӨН:
-Гадаадын орнуудын таны хэлсэн жишиг бол Монголын эдийн засгийн суурь үзүүлэлт, эдийн засгийн тогтолцоо гадаадын өндөр орнуудын эдийн засгийн тогтолцооноос өөр байдаг. Хамгийн гол нь инфляц, ханшийн сулрал хоёр дээр оноо алддаг. Тэр тухайд төгрөгийн зардал тэр дүнгээрээ хувирч, зардал болж гардаг. Гадны өндөр хөгжилтэй орнуудтай жиших нь бас хэр зөв бэ гэсэн бодолтой байна.
Банкны системд нэг тэрбумаас дээш хадгаламжтай харилцагч нийт хадгаламж эзэмшигчдийн 20-30 хувийг эзэлж байна. Дундаж давхрагынхан 10-100 сая төгрөгийн хадгаламж эзэмшдэг гэсэн мэдээллийг ‘Монголбанк’-ны холбогдох албан тушаалтнууд хариуллаа.