ДЭМБ-аас коронавируст халдвар гарснаас хойш 50 гаруй өвчтөнд хийсэн судалгаагаар халдварын нууц үеийг 14 хоног гэж үзжээ.
Энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, ‘Эрүүл хүн халдвартай хүнтэй өртөх, мэдрэг хүн амд халдвартай хүнээс халдвар орсноос хойш эмнэл зүйн шинж тэмдэг буюу вирус илрэх хугацааг халдварт өвчний нууц үе гэж нэрлэдэг. Коронавируст халдвар гарснаас хойш ДЭМБ, дэлхийн улс орнууд дунджаар 5-6 хоногт нууц үедээ өвчин илрээд байна гэж үзсэн. Тэгвэл Монгол Улсын 29 тохиолдолд нууц үеийн хугацааг судалж үзлээ. Энэхүү судалгаагаар халдвартай хүнтэй өртсөн буюу хавьтал болсноос хойш 3-13 хоногт халдварын шинж тэмдэг буюу шинжилгээгээр вирус илэрсэн. Тэгэхээр манай улсад бүртгэгдэж байгаа 29 хүний байдлаас үзэхэд, 5-7 хоногт халдварын нууц үеийн хугацаа илэрч байна гэж ойлгох хэрэгтэй. Халдварын нууц үеийн хугацаа, вирус илрэх хугацаа тухайн хүний эрүүл мэндийн байдал, дархлаа, хэр ойрхон хавьтал болсон байна гэдгээс хамаарна’ гэв.
Манай улсад коронавирусээр 2-90 насныхан халдварлажээ. Дундаж нас 32.8 бөгөөд үүнээс 19 хүртэлх насны 29 хувь, 20-59 насны 62 хувь, 60-аас дээш насны 10 хувь нь халдварт өртсөн байна. Хүйсийн хувьд 57 хувь нь эмэгтэй, 43 хувь нь эрэгтэйчүүд байгаа аж.
Нийт бүртгэгдсэн тохиолдлын 32 хувьд нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрчээ. Хамар битүүрэх, хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг өвчтөнд илэрсэн байна.