УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хойшлуулав.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, ‘Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Хориг хүлээн авах хуулийн хугацаа дуусаагүй. Энэ хооронд төсөв батлагдсантай холбогдуулж авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлах нь зохимжгүй. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд энэ талаар тодорхой зохицуулалт алга. Тиймээс хоригтой холбогдуулан УИХ-аас хэрхэн хариу өгөхөөс хамаарч тогтоолын төслийг түр хойшлуулах саналтай байна’ хэмээв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт дээрх горимын саналыг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ тогтоолын төслийг Байнгын хороогоор дахин хэлэлцүүлж зарим орлого, зарлагын мөнгөн дүнг өөрчлөх, COVID-19-ийн эсрэг вакцины зардал нэмэх шаардлагатай гэж байв. Тэрээр, ‘Төсвийн хуульд вакцинтай холбоотой зардлыг тусгамаар байна. Мөн Төсвийн зардлыг багасгаж, хэмнэж байгаа Төсвийн ерөнхийлөн захирагч нарыг хэрхэн урамшуулах, төсвийн орлогыг хэрхэн нэмэх талаар хууль эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй. Энэ хүрээнд төсвийн бодлогод томоохон өөрчлөлт оруулах шаардлага байна. Төсвийн зардал их байгаа. Вакцины зардлыг анхаарах ёстой. Тиймээс өнөөдрийн тогтоолыг хойшлуулж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхдээ Төсвийн байнгын хороог дахин хуралдуулъя’ хэмээсэн юм.
УИХ-ын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал хууь зүйн тайлбар өгөв. Тэрбээр, ‘Төсвийн хуульд бүхэлд нь Ерөнхийлөгч хориг тавьсан. Энэ хуулийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тогтоол зарчмын хувьд, хөрөнгө оруулалт, мөнгөн дүнд нөлөөлөхгүй. Гэхдээ агуулга нь төсвийн хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээ гэж нэрлэдэг учраас гишүүд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Дөрөвдүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар дээрх горимын санал гаргах эрхтэй’ хэмээв.
Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон 64 гишүүний 42 нь буюу 65.6 хувь нь гормиын саналыг дэмжлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгчийн хоригийг яаралтай ирэх долоо хоногийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгаж хэлэлцэх чиглэл өгөв.