Египет, Катар улсуудын зуучлагчид Газын зурваст гал зогсоох тухай АНУ-ын төлөвлөгөөнд ХАМАС болон Палестины бүлэглэлүүдээс хариу хүлээн авлаа гэж Египет, Катарын Засгийн газрууд мягмар гарагт мэдэгджээ.
Египет, Катарын мэдэгдэлд ямар хариу өгсөн талаар тодорхой дурдаагүй боловч энэ талаар мэдээлэл бүхий нэрээ нууцалсан төлөөлөгчийн хэлснээр, ХАМАС Израилтай бүрмөсөн гал зогсоох, Израилын цэргийг Газаас, тэр дундаа Рафах хотоос гаргах шинэ хуваарийг санал болгосон байна.
ХАМАС-ын нэрээ нууцлахыг хүссэн өөр нэгэн төлөөлөгчөөс хариуны талаар тодруулахад, “Бид өмнөх байр сууриа дахин илэрхийллээ. Тийм ч том ялгаа байхгүй байх гэж бодож байна. Одоо Израилын талын шийдвэрээс бүх зүйл шалтгаална” гэж хариулжээ.
“Талууд тохиролцоонд хүрэх хүртэл Египет, Катар улсууд АНУ-ын хамт зуучлалын хүчин чармайлтаа үргэлжлүүлж, хариуг судалж, холбогдох талуудтай дараагийн алхмуудыг зохицуулах болно” гэж Египетийн яам мэдэгдсэн байна.
Газын зурвас дахь дайныг зогсоох тохиролцоонд хүрэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, хариугаа Катар, Египетийн зуучлагчдад хүргүүлсэн гэдгээ ХАМАС болон Палестины “Исламын Жихад” бүлэглэлээс мэдэгдсэний дараахан Египетийн тал дээрх мэдэгдлийг хийжээ.
Даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Газын зурваст Израил болон ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоох тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены дэвшүүлсэн саналыг дэмжсэн юм. Ж.Байден Газад гал зогсоох тухай “гурван үе шаттай” саналыг дэвшүүлсэн бөгөөд үүнд Газын зурваст бүрмөсөн гал зогсоох хэлэлцээ хийх, барьцаанд байгаа израилчуудыг палестин хоригдлуудаар солилцох зэрэг багтжээ.