Бариач эмэгтэйн ойрын хавьтлуудаас коронавирусийн халдвар илэрсээр байна. Хамгийн хачирхалтай нь түүнээс халдвар авсан хавьтагчид нь ихэнхдээ жолооч нар байх боллоо. Тухайлбал Архангай аймгийн Батцэнгэл суманд хүнс тээвэрлэн очсон жолооч Д нь бариач эмэгтэйн нэгдүгээр хавьтал байсан. Мөн 11 дүгээр сарын 30-нд тусгаарлалтад орсон автобусны жолооч мөн л бариач эмэгтэйн ойрын хавьтал байлаа. Дахиад хэдэн ч тохиолдол нэмж бүртгэгдэхийг хэн ч таашгүй. Энэ талаар аль хэдийнээ сошиал орчин ‘шүүгээд’ эхэлжээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хоёр ч удаагийн хэвлэлийн хурал дээр хэлэх юм байгаа байх, хэлэхгүй юм ч бас байгаа байх гэж дуугарч байсан удаатай. Тухайн үед энэ яриаг сошиал орчинд сэвээд өнгөрсөн ч бариач эмэгтэйн ойрын хавтлууд коронавирусийн халдвар тээгч болсоор л байна. Албаны хүмүүсийн өгч байсан бас нэг баримт бол бариач эмэгтэйн тухайд дуудлагаар бариа хийдэг байсан гэх бөгөөд явсан маршрутаа бүрэн дүүрэн санахгүй, төөрч бас будилж мэдээллээ өгч байгаа нь хавьтагчдыг илрүүлэхэд хүндрэл учруулж байна гэж хэлж байсан юм. Сүүлд бариач эмэгтэйн ажлын байрыг “Рапед мед”-ийн нэг давхарт байдаг гэж ярьж байсан ч бодитой мэдээлэл эсэх нь эргэлзээтэй юм. Коронавирусийн халдварын голомтыг хумихад бариач эмэгтэйн үнэн зөв мэдээлэл туйлын чухал байна.