Улаанбаатар хотын 401 өрхөөс энэ сарын 5-9-ний хооронд хийсэн судалгаагаар өрхийн орлого бүх нийтийн бэлэн байдлын үеэр 40 хувиар буурсан үр дүн гарсан байна.
Тодруулбал судалгаа, зөвлөх үйлчилгээний SICA байгууллага хатуу хөл хорио иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлсөн тухай судалгааг хийж гүйцэтгэжээ. Судалгаанд хамрагдсан 401 өрхийн гишүүдээс хатуу хөл хорионы үеэр 26.5 хувь нь ажиллах боломжтой байсан бол 21.6 хувь нь цалингүй чөлөө авч амарсан байна. Мөн 20.7 хувь нь хувийн бизнесээ эрхлэх боломжгүй болжээ. Үүнээс үзвэл судалгаанд хамрагдсан өрхийн 40 гаруй хувь нь хатуу хөл хорионы улмаас орлого нь шууд буурсан байна. Мөн судалгаанд хамрагдсан өрхийн ердөө 11.5 хувь нь гэнэтийн нөхцөл байдалд зориулан хадгаламж үүсгэсэн, 88.5 хувь нь ямар нэгэн хадгаламжгүй гэсэн бол хатуу хөл хорионы үеэр хадгаламжтай хүмүүсийн 21.2 хувь нь хадгаламжаасаа ашиглажээ.
Зээлийн тухайд судалгаанд хамрагдсан 401 өрхийн 60.6 хувь нь банк болон ББСБ-д зээлтэй байсан бол хамгийн их зээлийн төрөл нь цалингийн зээл байна.
Өрхүүд зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах гэх мэт арга хэмжээ авч байгаа бол нийт зээлтэй өрхийн 13.8 хувь нь зээлээ төлж чадахгүй, зээлийн хугацаа хэтрэлттэй нөхцөл байдалд оржээ.