УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2020.12.14) мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хууль зөрчиж, хорьсон асуудлаар Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-оос Монгол Улсад хэрэг үүсгэжээ.
УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.ЭНХБОЛД:
-Энэ асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо хэд хэдэн удаа авч хэлэлцэж, шүүхийн байгууллагад хүсэлт хүргүүлсэн. Яг одоо Үндсэн хуулийн дагуу бүрэн эрх, халдашгүй байдал нь хадгалагдаж байгаа, СЕХ-ноос хуулийн дагуу албан ёсоор нэр дэвшиж, сонгогдсон гишүүн. Ерөнхий прокурор, СЕХ-ноос зөвшөөрөл авсан эсэх талаар, шийдвэр нь гарсан асуудлаар тайлбараа ирүүлэх хүсэлт өгсөн. Одоогоор хариу ирээгүй байна. Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын сонгуульд нэр нь дэвшээд, сонгогдсон хүний эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байна. ОУПХ парламентчдын эрх нь зөрчигдөж байгаа эсэхийг шалгаж, зөрчигдсөн бол хууль зөрчсөн эсэхийг шалгаж, хянадаг дүрэм, журамтай. Түүний дагуу санал явуулсан. Нэр дэвшсэн хүнийг баривчлах нь Монгол Улсын хуулийг зөрчсөн учраас хүсэлтээ явуулсан. ОУПХ-ноос гурван үндэслэлээр эрх нь зөрчигдсөн гэж үзэж, хэрэг нээгээд шалгаж байна. ОУПХ нь С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор тодорхой ажлын хэсэг ажиллаж, гаргасан шийдвэр нь хуулийн дагуу явагдсан эсэхэд хяналт тавьж ажиллаж байна.