Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлэхдээ, “Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад “COVID-19” халдварын тохиолдол 1121-д хүрсэн байна. 2020 оны 11 дүгээр сарын 11-нд дотоодод халдвар илэрснээс хойш улсын хэмжээнд 6 аймагт гарсан. Өнөөдөр Архангай аймагт халдвар илрээгүй 26, Говьсүмбэрт 28, Дархан-Уул аймагт 23, Дорноговь аймгийн Айраг суманд 30 хоног, Замын-Үүд суманд 12, Сэлэнгэ аймагт эмнэлэгт хэвтэж буй тохиолдол ороод дөрөв хоног болж байна. Иймээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, нийслэл хотоос бусад газарт ДЭМБ-ын зөвлөмжийн шаардлагад нийцэж байгаа тул халдварын голомт бүрэн устсан, цаашдаа эрүүл бүсэд зарлах хэмжээнд хүрч байна” гэв.
Мөн тэрбээр, УОК-оос аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Саналыг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг тэмдэглэв. Цаашид АШУҮИС, дүүргийн эмнэлгүүдэд PCR шинжилгээний аппарат суурилуулж, шинжилгээний хүчин чадлыг гурав дахин нэмэхээр төлөвлөжээ. Эмнэлгүүдэд халдвар голомтлон тархах байдал гарч байгаа учраас эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиулах, нөөц бололцоогоор хангах үүрэг чиглэл өгсөн байна.