ДЭМБ, Гави болон Эпидемийн бэлэн байдлын инновацын эвсэл хамтран хэрэгжүүлж байгаа ‘Ковакс’ хөтөлбөрөөс энэ оны гуравдугаар сараас өмнө Монгол Улсад эхний ээлжийн вакцин нийлүүлэхээ мэдэгджээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр 18.30 цагт шуурхай хэвлэлийн хурал хийхдээ онцолсон юм. Тэрбээр, Манай улс олон улсын ‘Ковакс’ механизмд бүртгүүлэх хүсэлтээ өнгөрсөн оны 7 дугаар сарын 24-нд өгсөн. Ингээд өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсыг бүртгэсэн, нийт хүн амын 20 хувийг вакцинжуулна гэдэг хариуг авсан. “Ковакс” механизмаас гуравдугаар сард багтаан эхний вакцин ирнэ гэдэг мэдэгдэл ирүүллээ. Тэгэхээр бидний цаад хугацаа гуравдугаар сарын 1 гэж ойлгож болно. Гэхдээ вакцинтай холбоотой асуудалд хянамгай хандаж байгаа. Бид аль ч улсаас хамаагүй вакцин авах нь хамгийн эхэнд баримтлах зарчим биш гэж үзэж байгаа. Учир нь вакцинжуулалтын дараа гарах хор уршиг нь коронавирусний улмаас үүсэх хохирлоос ч илүү байх магадлалтай учраас бусад улс оронд хийж байгаа вакцинуудын гаж нөлөө, эрсдэлийг судалж байгаа хэмээв.