Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.04) мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 4-ны 11.00 цагийн байдлаар нийт 13621 сорьцод шинжилгээ хийхэд 23 хүнээс Сovid-19 илэрлээ. Тэдний 19 нь Хавдар судлалын үндэсний төв, Баянзүрх нэгдсэн эмнэлэг, Мөнххада компанийн голомтын дэгдэлттэй холбоотой бол хоёр нь 2020 оны арванхоёрдугаар сарын 20-нд Токиогийн нислэгээр ирсэн хүмүүсийн гуравдахь шинжилгээгээр илэрлээ. Үлдсэн хоёр нь Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нараас илэрлээ.
Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан 1286 тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн 408 тохиолдол байна. Эдгэрсэн 878, эмчлэгдэж байгаа 398 тохиолдлын дотор хөнгөн 262, хүндэвтэр 125, хүнд 9, маш хүнд 2 хүн байгаа. Мөн нутаг буцсан 9 хүн бий.
- Улаанбаатар хотод шинээр 23, нийт тохиолдол 469
- Сэлэнгэд нэмж илрээгүй, нийт тохиолдол 216
- Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 32
- Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 25
- Дархан-Уулд нэмж илрээгүй, нийт тохиолдол 45
- Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 4
- Архангайд нэмж илрээгүй, нийт тохиолдол 3
- Зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол нэмэгдэж нийт тохиолдол 408
Улаанбаатар хотод цар тахлын том кластерууд бүртгэгдэж, голомтууд хүрээгээ тэлж, өртөлтийн тоо нэмэгдэж байна. Өнөөдрийг хүртэл найман долоо хоногийн турш бид Covid-19-ийн голомтод өвчлөлттэй тэмцлээ. Ер нь вирусийн халдварын дэгдэлт хоёр гурван сар үргэлжилдэг. Харин Монгол Улсын хувьд ес дэх долоо хоног руугаа орж, халдварын идэвхжилт оргил үедээ ирлээ. Ард иргэд сэрэмжлүүлгийг онцгой анхаараарай. Цар тахлын вирус хүний биед орсон хойно өвчлөл үүсгэж, үржиж, хүн хооронд маш хурдан тархаж хүн бүрийг өвчлүүлэх чадалтай байдаг. Цар тахлын вируст өртөхгүй хүн гэж байхгүй.
ЭМЯ-ны ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:
-Гашуунсухайт боомтод Зоонозын авто лаборатори ажиллаж, 242 жолоочид шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. Нийслэлийн эрсдэлт бүлгийн 2160 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд Covid-19 илэрсэн. Шинэ жилээр ажилласан худалдаа үйлчилгээний байгууллагын 11562 хүнээс сорьц аван шинжилж байна. Эрүүл мэндийн яамны долоон утсанд өнгөрсөн 24 цагийн байдлаар 4603 хүн ханджээ. Нийслэлд эх үүсвэр нь тодорхойгүй дэгдэлт гарч байгаа учир хүн бүр эрсдэлтэй.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн:
-Улаанбаатар хотын голомт идэвхитэй хэвээрээ байна. ДЭМБ-ын мэдээлснээр нууц үеийн дээд хугацаа 14 хоногийг хоёр удаа сунгаснаар 28 хоногоос дээш болсон тохиолдолд уг халдварын халдварлалт зогсож, хумигдлаа гэж үздэг. Одоогоор Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймгуудын халдварлалт зогссон бол Дорноговь аймаг, Замын-Үүд сум, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум хяналтанд байна.
Дэлхийн улс орнуудын цар тахалтай тэмцэж байгаа гол арга хэмжээ нь хөл хорио хэвээр байна. Оксфордын их сургуулийн мэдээлж буйгаар Африкийн цөөн орнууд 10-20 хувийн хөл хориотой, бусад орнууд 40-100 хувийн хөл хориотой байна. Хөл хорионы хүчинд өвчлөл буурсан ч шинэ жилийн баяр тэмдэглэх үе болон нэгдүгээр сараас хойш оргил халдвар үедээ хүрлээ. Өнөөдрийн байдлаар Франц, Хорват, Герман зэрэг улсууд хөл хориогоо үргэлжлүүлээд байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсантай холбоотой өвчлөл нэмэгдэх дүр зураглал харагдсан. Тандалтын гол зорилго нь дэгдэлтийг хумих, тохиолдлын тоог хянах, дэгдэлтийн эрчмийг бууруулах, багцалсан голомтуудыг орчинд нь хязгаарлах, хяналт тогтоосон газар дахин халдвар гарахаас сэргийлэхэд оршдог.
ХӨСҮТ бол үндсэндээ хавьтлууд, голомтууд, эрсдэлт бүлгийн судалгааг, Зоонозын өвчин судлалын төв зорилтот бүлгийн шинжилгээг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв өндөр эрсдэлт байгууллагад суурилсан тандалт судалгааг тус тус хийж байна. Улаанбаатар хотын голомтууд идэвхитэй, халдвар тархах магадлал өндөр байна.