УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Би нэг зүйлийг ойлгохгүй байна. Ардчилсан нам бүх зүйлд буруутай болчихлоо. Өчигдрийн жагсаал болон эдийн засгийн уналт хүртэл АН-ын буруу болж байна. Ерөнхийлөгч хүртэл буруутан боллоо. Энэ бол урдаас төлөвлөсөн Солонгос драм шиг л харагдаж байна. Энэ бүх асуудалд Ерөнхийлөгч буруугүй. Албан тушаал, эрчүүд эзэгнэсэн улс төрийн өшөө авалт эцэстээ тулаад өнөөдөр ийм асуудал үүсэж байна гэж харж байгаа.
АН-ын тэмцэл ил байдаг. Бид нарт булаацалдах юм байдаггүй. Улсын төсвөөр бариулсан 10 тэрбумын үнэтэй намын байр байдаггүй учраас нэг тамга л булаацалддаг. Бүх юм нь ил. Гэтэл энд бол цаанаа маш том намын зөрчил явж байна.
Ээжүүдийн асуудал энэ зүйлд нөлөөлсөн. Гэхдээ манай улстөрчид анх удаа ийм зүйл харж байгаа юм шиг амьдралаас тасарсан зүйл битгий ярьж бай. Та нар эмнэлгүүдийн эхчүүд төрдөг хэсгийг очоод үзээрэй. Аймгийн төвд ээжүүд төрчихөөд хоёр хоноод гар гэхэд сумын төв рүү мотоциклтой яваад ямар их өвчин олж байгааг бүгд мэдэж л байгаа. Ерөнхий сайд та гадаадад байгаа монголчуудын асуудалд төдийлөн орж ажиллаагүй шүү. Гомдож явдаг гэдгээ хэлмээр байна. Сайн ажилласан зүйлүүд ч бий. Муу зүйл байна.
Гадаадад байгаа 20 мянган монгол иргэнд нэг даргын нэг машины мөнгийг л хуваарилсан. Би үүнээс ичиж байна. Хилийн чанадад байгаа монголчуудад хуваарилсан 224 сая төгрөгийн 50 хувь нь шарил авчрах зардалд зарцуулагдсан. Ингэж монголчуудад ханддаггүй юм. Гадаадын дипломат төлөөлөгчдийн газруудад нэг төгрөг ч нэмж өгөөгүй. Харин ч хэмнэсэн төсвийг нь татсан ” гэлээ.