“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч, буяны үйлстэн, дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гейтс Covid-19 –ийн эсрэг вакцины эхний тунг хийлгэснээ мэдэгджээ.
Тэрбээр өөрийн твиттертээ вакцин хийлгэж буй зургаа нийтлээд “65 настай байхын нэг давуу тал бол “Covid-19”-ийн вакцинд шууд хамрагдах боломж юм. Энэ долоо хоногт би вакцины эхний тунг хийлгэлээ. Миний бие маш сайн байна. Бүх эрдэмтэн, туршилтад оролцогчид, зохицуулах байгуууллагууд, эмнэлгийн мэргэжилтнүүддээ баярлалаа” хэмээн жиргэсэн байна. Гэхдээ тэрбээр аль компанийн бүтээсэн вакциныг хийлгэснээ дурдаагүй аж.
АНУ-д одоогоор “Moderna” болон “Pfizer/BioNTech” гэсэн компаниудын үйлдвэрлэсэн хоёр вакцинд зөвшөөрөл олгоод байгаа билээ.
Дэлхий нийтийг цар тахал нөмөрч болзошгүйг нэг жилийн өмнөөс сануулж байсан тэрбээр өөрийн “Билл ба Мелинда Гейтс” сангаараа дамжуулан вакцин боловсруулах, түгээх зэрэг Covid-19 өвчнийг дарах санаачилгуудад хэдэн зуун сая ам.долларыг хандивлаж байгаа юм. Тэрбээр саяхан албан ёсоор ажлаа хүлээн аваад буй Ерөнхийлөгч Жо Байдентай цар тахлыг дарах ажилд хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.