Оюутолгойн 66 хувийг эзэмшигч Туркойз Хилл Ресурс компани өнгөрөгч оны арван нэгдүгээр сард далд уурхайн нэмэлт санхүүжилтийн хувилбарыг тодорхойлох асуудлаар өөрийн толгой компани болох Рио Тинтогийн эсрэг Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Рио Тинто өнгөрөгч сард Оюутолгойн гүний уурхайн төслийг дуусгахад шаардлагатай нийт зардлын хэмжээ 6.75 тэрбум ам.доллар байх бөгөөд 2022 оны аравдугаар сард анхны олборлолтоо эхлүүлэх тооцоог танилцуулсан. Анх Дубайн гэрээгээр гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 5.3 тэрбум ам.доллар байхаар тооцсон. Тэгвэл Рио Тинто далд уурхайг ашиглалтад оруулахад шаардлагатай нэмэлт 1.45 тэрбум ам.долларын зардлын эх үүсвэрийн 500 сая ам.долларыг олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээлэх, үлдсэн хэсгийг Туркойз Хилл Ресурсын хувьцааг санал болгох байдлаар шийдвэрлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Харин Туркойз Хилл Ресурс болон тус компанийн бусад хувьцаа эзэмшигчид хувьцаа арилжих Рио Тинтогийн хувилбарыг эсэргүүцэж байгаа бөгөөд Оюутолгойн ил уурхайгаас ирээдүйд олборлох зэсийн баяжмал дахь алтны хувь хэмжээг бартердах, 10 жилийн хугацаатай бонд гаргах нөхцөлөөр гүний уурхайг санхүүжүүлэхийг зорьж байгаа юм.
Тэгвэл Туркойз Хилл Ресурс компани пүрэв гаригт Рио Тинтогийн эсрэг үүсгэсэн Арбитрын маргаанд “түр захирамж” гаргуулах хүсэлт хүргүүлсэн байна. Компанийн албан ёсны вебсайтад байршсан мэдээлэлтэй танилцах.
Компанийн албан ёсны вебсайтад байршуулсан Арбитрын шүүхээр түр захирамж гаргуулах тухай өргөдөлд “Рио Тинто далд уурхайн нэмэлт санхүүжилтийг өөрийн хувилбараар хэрэгжүүлэх зорилгоор гэрээний дагуу одоогийн зээлдүүлэгчидтэй хэлэлцээр хийх тодорхой заалтуудыг ашиглаж байна. Эдгээр хэлэлцээр нь Оюутолгойн гуравны нэгийг эзэмшигч, Монголын төрийн өмчит Эрдэнэс Оюу Толгой компани 2021 онд бонд санал болгох боломжгүй болгох нөхцөлөөр хийгдэж байна. Хэрэв Рио Тинтогийн тактик хэрэгжсэн тохиолдолд Туркойз Хилл Ресурс компани Оюутолгойн 33 хувийг эзэмшигч, хөрөнгө оруулагчид болох Эрдэнэс Оюу Толгой болон Монгол Улсын Засгийн газартай санхүүжилт ба бусад асуудлаар хэлэлцээрт орох боломжийг хаах болно” гэжээ.
Хэрэв Арбитрын шүүх Туркойзын өргөдлийг хүлээн авч, түр захирамж гаргасан тохиолдолд, маргаан шүүхээр эцэслэн таслагдах хүртэл Рио Тинто болон бусад оролцогч талууд маргааны хүрээнд буюу Оюутолгойн гүний уурхайн нэмэлт санхүүжилтийн хувилбарыг хэрэгжүүлэхтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлэхийг хориглох аж.
Эх сурвалж: turquisehill.com, Mining.com