Коронавирусний цар тахал дэгдсээр буйтай холбогдуулан Францын эрх баригчид Европын Холбооны орнуудаас ирэх иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хоригложээ.
“Онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд ЕХ-ноос ирэх иргэдийг Францын хилээр нэвтрүүлэхийг хориглож байна. Энэ арга хэмжээ ням гаргийн 00:00 цагаас хэрэгжинэ. Зөвхөн хилийн чанадад оршин суудаг ажилтнуудаас гадна PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүс Францаас ЕХ-ны орнууд руу нэвтрэх боломжтой” хэмээн Францын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгдэв.
Өмнөх захирамжийн дагуу Францаас ЕХ-ны хилээр нэвтрэх аялагчид коронавирусний шинжилгээний хариу нь сөрөг гарсныг нотлох бичгээ гурван өдрийн өмнө өгөх ёстой аж. Үүнээс гадна долоо хоногийн тусгаарлалтад хамрагдсаныхаа дараа дахин шинжилгээ өгөх шаардлагатай.
Коронавирусний нөхцөл байдлын тухайд
Францын эрх баригчид коронавирусний халдварт өвчинтэй бусад орноос илүү тэмцэж байгаа хэдий ч нөхцөл байдал сэтгэл түгшээсэн хэвээр байгааг онцолжээ. Одоогоор тус улсад халдвар авсан 27 мянга гаруй өвчтөн эмнэлэгт хэвтэж байгаагаас 3 мянга нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна. Эрх баригчид бусдаасаа илүү хурдан халдварладаг короновирусний шинэ хувилбарт онцгой анхаарал хандуулжээ.
“Ийм үзүүлэлттэй байгаа үед өөрийгөө тусгаарлах дэглэмд эргэн орох тухай асуудал зүй ёсоор тавигдсан. Гэсэн ч ийм шийдвэр ноцтой үр дагавар дагуулна гэдгийг бид ойлгож байгаа бөгөөд үүнээс дахин зайлсхийх боломж бидэнд бий” гэж Ерөнхий сайд цохон тэмдэглэжээ.
Үүнтэй холбогдуулан эрх баригчид хилээ хаахаас гадна 20 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр бүхий талбайтай, хүнсний бүтээгдэхүүн борлуулдаггүй худалдааны төвүүд, дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ. Даваа гаргаас арилжааны бүх байгууллага дүрэм журмаа чангатгах аж. Түүнчлэн ажилтнуудаа аль болох алсын зайнаас ажиллуулахыг бизнес эрхлэгчдэд уриалсан байна. Хөл хорионы цагийн хэрэгжилтэд илүү чанга хяналт тавих, нийтийн хоол, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлахаа Жан Кастекс мөн мэдэгдсэн байна.