ДЭМБ–ын сүүлийн үеийн мэдээллээр уг өвчний тархалт 20-25 хувиар буурсан байна хэмээн Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээлэв.
Тэрбээр ‘Дэлхий дахинд коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхлээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 95 улс оронд 213 сая хүн тун вакциныг хэрэглээд байгаа. Энэ нь өдөрт 6.1 сая хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаж байна гэсэн үг юм.
Одоогоор Израиль улс хүн амынхаа 70-80 хувийг дархлаажуулаад байгаа бол АНУ 50-60 хувийг дархлаажуулаад байна.
Хүн амаа эрчимтэй дархлаажуулж буй дээрх улс орнуудад үр дүн гарч эхэлсэн бөгөөд өвчлөлийн тоо эрс буурч, эмнэлгийн орны ачаалал багасаж, хүнд өвчтөний тоо багассан гэх таатай мэдээ байна.
Үүний улмаас ч дэлхий дахинд коронавирусийн тархалт буурах хандлагатай байгаа. ДЭМБ–ын сүүлийн үеийн мэдээллээр уг өвчний тархалт 20-25 хувиар буурч байгааг онцолсон’ гэсэн юм.