ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:
–Өчигдөр нийт 13206 хүнд шинжилгээ хийхэд Covid-19 халдвар 77 хүнээс халдвар илэрлээ. Халдвар бүгд нийслэлээс бүртгэгдсэн. Монгол Улсад батлагдсан Covid-19 халдварын нийт тохиолдол 3153 боллоо. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч гэртээ харьсан. Дээрх 77 хүний 71 нь ойрын хавьтал бол таван хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Халдварын нэг шинэ голомт илэрсэн учраас ойрын хавьтлыг илрүүлж, тандалт хийж байна.
Өнөөдөр халдвар илэрсэн 77 хүнийг дотор нь ангилж үзвэл, 61 хүнд эхний удаагийн шинжилгээгээр, 10 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн. Эх уурхайг нь тодорхойлохоор ажиллаж байгаа таван хүний оршин суудаг байршил нь Сонгинохайрхан дүүргийн 33, 35, 36 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороо байна.
Улаанбаатар хотын нийт халдвар 2306 боллоо. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмнэлэгт нийт 696 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хөнгөн 626, хүндэвтэр 62, хүнд 5, нэн хүнд 3 хүн байна.
Нэг дор олноороо цугларч баяр тэмдэглэх нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх учир албан байгууллагууд олон хүнийг нэг дор цуглуулахаас зайлсхийж, баяр тэмдэглэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөе.
ЭМЯ-ны ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:
-Улаанбаатар хот халдварын өндөр идэвхтэй голомт болсон. Нийслэлийн хэмжээнд 20 гаруй голомт өндөр идэвхтэй байна. Сүүлийн өдрүүдэд халдвар авах хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна. Тиймээс хаанаас, хэнээс ч халдвар авах эрсдэлтэй учраас хүн хоорондын зайгаа барьж, баяр ёслол тэмдэглэхгүй байх хэрэгтэй.