Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeлов тэргүүтэй зочид төлөөлөгчидтэй уулзав.
Уулзалтаар, байгалийн хийн хоолойн маршрутын дагуух агаар болон газрыг тандан судлах, 2021-2022 оны нэгдүгээр улиралд багтааж хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэж батлах асуудлыг ярилцлаа. Хийн хоолойн төсөл нь манай хоёр орны хооронд хөгжүүлж буй иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй төсөл учраас хоёр улсын Засгийн газрын түвшинд өндөр ач холбогдол өгч буйг талууд тэмдэглэв.
Ташрамд дурдахад, тус компани Монгол Улсаар дамжин өнгөрөх “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг энэ оны эхний улиралд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Мөн энэ ажлыг гүйцэтгэх “Газопровод Союз Восток” компанийг Монгол Улсад үүсгэн байгуулж, бүртгүүлээд байгаа юм.
“Газпром” компани болон Монгол Улсын Засгийн газар байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулан тавих санамж бичгийг 2019 оны 12 дугаар сард, Хөрөнгө оруулалтын өмнөх шатны үнэлгээ хийх санамж бичгийг 2020 оны наймдугаар сард байгуулсан. Монголын нутгаар барих хийн хоолой нь жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай байхаар тооцжээ. Шинэ хоолой нь “Сибирийн хүч 1”-ээс даруй 1.3 дахин илүү хүчин чадалтай байх юм.