Засгийн газрын ээлжит бус хуралдаан 17.00 цагаас товлогдсон байсан ч цуцлагдлаа. Covid-19 халдварын тархалт огцом нэмэгдэж байгаа тул цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдах байсан тухай зарим эх сурвалж мэдээлж байлаа.
ЭМЯ-наас хийсэн өнөөдрийн мэдээллээр, өнгөрсөн 24 цагт 575 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 7589 болсон. Шинээр бүртгэгдсэн 575 тохиолдлын 574 нь дотоодоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфуртын нислэгээр ирсэн хүнээс илэрсэн юм.
Өнгөрөгч Баасан гаригт /2021.03.26/ УОК мөн хуралдаж, ‘Дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл Гамшгийн үеийн ‘улбар шар”‘ түвшиндээ үлдэх, энэ хугацаанд нөхцөл байдал хүндэрвэл ‘улаан’ түвшинд орж, бүх нийтийн хөл хорионд шилжих нөхцөл байдал үүснэ’ гэдгийг Шадар сайд С.Амарсайхан онцолж байлаа.