‘Элизабет’ хотхоны 12 давхраас 39 настай эмэгтэй С үсэрч нас барсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм.
Эх сурвалжийн өгч буй мэдээллээр С 12 давхрын дээвэр дээрээс үсэрч нас барсан хэргийн газраас авсан 39 кадр гэрэл зураг, гарын дардас зэргийг шинжилгээнд явуулсан байна. Мөн амь хохирогч С нь гэрээслэл бичиж үлдээсэн байжээ. Гэрээслэлийг хэргийн нотлох баримтаар хурааж авсан байна.
Амь хохирогч С нь банкинд ажилладаг бол нөхөр Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн аж. Мөн Б нь С-г байнга гэр бүлийн хүчирхийлэлд байлгадаг байжээ. Тухайлбал, 2021 гуравдугаар сар, 2020 оны аравдугаар сарын 23, 2018 оны тавдугаар сарын 8-нд удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан байна. Хамгийн сүүлд буюу энэ сарын 19-нд болсон гэр бүлийн хүчирхийллийн улмаас С нь 12 давхар байрны дээвэр дээрээс үсэрснээр 3-15 насны дөрвөн хүүхэд өнчирч хоцорлоо.
Түүнчлэн Б нь 11 удаа эрүүлжүүлэхдэж байсан байна. Мөн 2018 онд хүний биед хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлээр ял авч байжээ. Б нь албан ёсоор гэр бүл батлуулсан түүхгүй бол амь хохирогч С өмнө нь гэр бүл зохиож хоёр хүүхэд төрүүлсэн ч гэр бүлээ цуцлуулсан байна. Ингээд Б-тэй амьдарснаар дахин хоёр хүүхэд төрүүлсэн бөгөөд хамгийн бага хүүхэд нь гурван настай байжээ.
Иргэн С өндрөөс үсэрч амь насаа алдсан уг хэрэгт холбогдуулан түүний бага хоёр хүүхдийнх нь эцэг болох Б-г шалгаж байгаа юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл буюу хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэх үндэслэлээр эрүү үүсгэх нөхцөл бүрдээд байгаа юм.
Эрүүгийн хуулийн 10.4-т ‘Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ’ гэж заажээ.
Түүнчлэн уг хуульд ‘гэр бүлийн хамаарал бүхий харилцаа’ гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэжээ.