Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын /ШШГЕГ/ харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож буй Олимпийн аварга Н.Түвшинбаяраас түргэвчилсэн шинжилгээгээр өчигдөр /2021.04.15/ Covid-19-ийн халдвар илэрсэн талаар мэдээлсэн билээ. Тэгвэл PCR шинжилгээгээр түүний хариу Covid-19 халдвартай болох нь батлагджээ. Түүнийг 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт эмчилж байна. Хэргийг эргэн сануулахад, Н.Түвшинбаяр нь дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан юм. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн.
Дашрамд дурдахад, хорих ангиудын өрөөний талбай нь нэг хүнд оногдох зайн стандартыг хангаж байгаа хэдий ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу хоригдсон болон саатуулагдсан этгээд хоорондын зай барих, бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм. Тиймээс хорих ял эдэлж буй хүмүүсийг агаарт гарах, дасгал хөдөлгөөн хийх цагийг хууль, дүрэм журамд нийцүүлэн боломжит хугацаагаар уртасгах нь зүйтэй гэдгийг холбогдох байгууллагаас анхааруулж байна.
Цагдан хорих байранд халдвар гарч байгаа нь агаар салхигүй орчинд бөөнөөрөө амьдардаг, илчлэг багатай хоол хүнсээр хангагддаг зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж буй.
ШШГЕГ-ын харьяа Захиргааны журмаар баривчлах байранд Covid-19 халдварын тохиолдол батлагдаж, гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 174 хүн байгаагийн 86 нь халдвар авсан байна. Хэрэв хорих ангид Covid-19 халдварын тохиолдол нэмэгдсээр байвал 55-60 насныхан амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах магадлалтай юм.