Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа байгуулаад 100 хонолоо. Тэрбээр өнөөдөр 30 сэтгүүлчийн асуултад нээлттэй ярилцах урилга хүргүүлжээ. Түүнээс асуух асуулт сэтгүүлчдэд ч, иргэдэд ч их бий. Харин асуултад хэрхэн хариулах нь түүнийг эрх мэдэлтэй Ерөнхий сайд уу эсвэл У.Хүрэлсүхийн ‘утсан хүүхэлдэй’ юу гэдгийг таниулах болно. Өдөр бүр шахуу дуулиан дагуулсан мэдэгдэл хийдэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс тодруулах гол хэдэн асуултын нэг нь яах аргагүй Монголын эрх ашгаас урвасан гишүүдийг нэрлэх шаардлага үүсэх нь дамжиггүй. Тэрбээр ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ вакцин татан авалтын явцад зарим улстөрч, УИХ-ын гишүүдийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн. Цар тахлын хажуугаар улс төрийн халалт үүсгээд яахав гэж бодоод асар их тэвчээр гаргаад явж байна. Гэхдээ би тийм их тэвчээртэй хүн биш. Шаардлагатай бол тэдгээр УИХ-ын гишүүдийг би зарлана гэж бодож байгаа. Цар тахлын үед ийм үйлдэл хийх нь эх орноосоо урвасан үйлдэл шүү. Тиймээс тэдгээр улс төрийн алиа салбадай нарыг цар тахлын нөхцөл гайгүй болох үед хэлэх ёстой газарт нь хэлнэ’ гэж мэдээлж байсан ч цар тахлын дараа биш асуудлыг одоо, энэ цаг үед нь ярьж шийдэх нь хамгийн шударга алхам болно. Иймээс энэ мэт асуудалд 100 хоногоо тэмдэглэж буй Ерөнхий сайд ямар хариулт өгөх нь сонин байна.