Санал авах байранд биечлэн очиж саналаа өгөх боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай иргэдийн саналыг өнөө өглөө 09:00 цагаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авч эхэлсэн. Санал хураалт орой 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Одоогоор санал хураалт үргэлжилж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 25 мянга гаруй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр урьдчилан бүртгүүлжээ. Үүнийг задалбал, эрүүл мэндийн шалтгааны улмаас биечлэн санал өгөх боломжгүй 11800 иргэн байгаа бол Covid-19 халдварт өртсөн болон голомтонд ажиллаж буй нийт 7051 хүн бүртгүүлжээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалтын дүн автомат санал тоолох төхөөрөмжөөс гадна гар тооллого, хяналтын тооллого хийнэ гэв. Мөн энэ удаагийн сонгууль бэхэн тэмдэглэгээ хийхээр болжээ.
Улаанбаатар хотод 457 хэсгийн хороо ажиллаж байна. Хэсгийн хорооноос 3-4 баг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна. Нийт 1600 орчим тээврийн хэрэгсэл 3200 орчим хэсгийн хороонд алба хаагчид ажиллаж байна. Энэ нь халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллах ёстой тул эрүүл мэндийн салбар болон онцгой байдлын алба хаагчид ажиллана.
СОНГОГЧДОД ЦАХИМААР САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖ ОЛГОХ ЁСТОЙ
СЕХ-НЫ ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН:
-Энэ удаагийн сонгуулийн онцлог нь 100 хувь гар тооллого хийнэ. Мөн сонгууль өгсний бэхэн тэмдэглэгээ хийнэ. Түүнчлэн цар тахал дотоодод тархсан энэ үед бид сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үндсэн хуулиар заагдсан сонгох, сонгогдох эрхийг цар тахлын үед хангах талаар онцгой анхаарал хандуулж ажиллав. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр гадаадад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулсан. Нийтдээ 8000 гаруй хүн бүртгүүлснээс 5800 орчим хүн саналаа өгсөн. Цар тахлын энэ хүнд нөхцөлд гадаад дахь иргэд сонгуульд харьцангүй идэвхтэй оролцсон гэж бодож байна. Цаашид гадаадад байгаа иргэд, уул уурхайн ажилчид, оюутнууд зэрэг хүмүүст цахимаар санал өгөх боломжийг нь олгох ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Ялангуяа 2024 оны УИХ-ын сонгуулийн дараагийн сонгуулиас сонгогчдод цахимаар саналаа өгөх боломж олгох ёстой гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна. Энэ талаар Цахим бодлогын байнгын хороонд бид танилцуулга хүргүүлсэн. Ажлын хэсэг байгуулагдах болов уу.
Маргааш улс орон даяар сонгуулийн санал хураалтыг явуулахад бэлэн боллоо. Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ил тод байдлыг хангаж ажилласан. Дүн өгөгдөл дамжуулах туршилтыг амжилттай хийсэн. Хэсгийн хороо болгонд дүн дамжуулах өгөгдлийг хүргүүлсэн.
Ажиглагчдын тухайд гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллагаас ажиглана. Үүнээс гадна Монгол Улсад суугаа Их Британи, ОХУ, АНУ зэрэг улсын Элчин сайдын яамнаас ажиглагчид байлцана. Түүнчлэн Филиппин улсаас ажиглагчид ирж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар болсон. Учир нь Филиппин улс манайхтай адил сонгуулийн автомат системийг ашигладаг.