Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа ‘Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарт санхүүжилтийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо.
Мөн айл, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд бүрд олгох 100,000 төгрөгийг он дуустал үргэлжлүүлэх тухай төсвийн тодотголд тусгасан. Үүний зэрэгцээ айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хог хаягдлын төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал олгохоор төсвийн тодотголд тус тус тусгасан.
Түүнээс гадна эрүүл мэндийн салбарт нэмж 700 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгохоор тусгалаа.
Уг санхүүжилтийг цар тахалтай тэмцэж буй буюу улаан бүсэд ажиллаж байгаа 13 мянган эмч, эмнэлгийн ажилчинд нэг удаагийн хоёр сая төгрөгийн тэтгэмж, улаан бүсэд биш ч эрүүл мэндийн бусад салбарт ажиллаж байгаа 19.5 мянган ажилчинд нэг удаагийн нэг сая төгрөгийн тэтгэмж олгохоор тусгасан.
Мөн улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх санал оруулсан.
Цаашид цар тахлын хариу арга хэмжээнд зориулж 2,000 ор дэлгэхэд 110 тэрбум төгрөг, резидент эмч нарыг дайчлах ажилд 3.7 тэрбум, эмийн нөөц бүрдүүлэхэд 60 тэрбум гэх мэтээр эрүүл мэндийн салбарын санхүүжилтыг нэмэхээр тусгасан’ гэлээ.