Энэ сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагатай холбоотой нууц баримтуудыг ил болгох шийдвэр гаргасан юм.
Үүний үр дүнд 3,000 орчим хүний амь үрэгдсэн террорист халдлагаас хойш яг 20 жилийн дараа буюу Бямба гарагт Холбооны Мөрдөх Товчооны нууц архиваас эхний бичиг баримтыг ил болгожээ.
Хохирогчдын ар гэрийнхэн энэхүү эмгэнэлт явдалтай холбоотой баримтуудыг ил болгохыг олон жилийн турш шаардаж байв.
АНУ-ын засгийн газрын тусгай коммиссоос 2004 онд гаргасан 16 хуудас тайланд Нью Йорк хотод гарсан халдлагыг үйлдсэн хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, хэлхээ холбоог дэлгэсэн байна.
Халдлагыг үйлдсэн 19 хүний 15 нь Саудын Арабын иргэд байсан юм. Олон жилийн турш уг халдлагад Саудын Арабын засгийн газар оролцсон гэх сэжиг таамаг яригдаж байв. Халдлагад амиа алдсан 2,500 орчим хүний ар гэр, шархдсан 20,000 гаруй хүн, хохирол амссан бизнесийн байгууллагууд, даатгагчид Саудын Арабын засгийн газраас олон тэрбумыг нэхэмжилж, шүүхэд хандаж байжээ. Харин Саудын Арабын эрх баригчид уг таамгыг эрс няцаасаар ирсэн юм.
Нууцаас ил гаргасан дээрх тайланд Саудын Арабын хэд хэдэн албан тушаалтны нэр гарсан ч засгийн газар нь шууд холбоотой гэх баримт дурдагдаагүй байна.
Тайланг нууцаас ил гаргахын өмнө Вашингтон дахь Саудын Арабын элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд есдүгээр сарын 11-ний террорист халдлагад тус улсын засгийн газар, өндөр албан тушаалтан холбоотой, эсвэл халдлагын талаар урьдаас мэдэж байсан тухай ямар ч баримт байхгүйг мэдэгдэж байжээ. Харин тайлан ил болсны дараа элчин сайдын яам ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Хохирогчдын ар гэрийнхнийг төлөөлдөг 9/11 Families United холбооны тэргүүлэгч Тэрри Страда нууцаас ил гарсан бичиг баримт халдлагад Саудын тал оролцсон гэх сэжгийг улам гүнзгийрүүлж байгааг мэдэгджээ. Түүний нөхөр Том есдүгээр сарын 11-нд амиа алдсан юм.
АНУ-ын холбоотон Саудын Арабын эрх баригчдад ерөнхийлөгч Жо Байден өмнөх ерөнхийлөгч Дональд Трампаас илүү хатуу байр суурь баримталж байгаа.
Тухайлбал эх орноосоо дүрвэсэн сэтгүүлч Жамал Хашоггийн амийг бүрэлгэсэн 2018 оны нууц ажиллагаанд Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман ямар холбоотой талаар АНУ-ын тагнуулын байгууллагын хийсэн мөрдлөгийн тайланг ил болгохдоо Байден тус улсын хүний эрхийн нөхцөл байдлыг хурцаар шүүмжилж байв.