Монгол Улс, ОХУ-ын хамтарсан “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалт болж байгаа аж. Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад “ОХУ-ын талаас 592 цэрэг ирж “Сэлэнгэ-2021”-д оролцож байгаа.
Монголын талаас сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас Дорнодын цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев нар үүрэг гүйцэтгэж байгаа.
Түүнчлэн энэ удаагийн сургуульд Армийн 100 гаруй нисэх багийн бүрэлдэхүүн, МИ-24 загварын найман нэгж нисдэг тэрэг оролцож байгаа бөгөөд тэд “Сэлэнгэ-2021” хээрийн сургуулилалтад хуурай замын цэргийн бүлэглэлд агаарын дэмжлэг үзүүлж, удирдлагаас өгсөн байлдааны даалгаврыг богино хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй оролцож байна. Мөн Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын батальон оролцож байгаа хэмээн Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.