АНЭУ-ын Дубай хотноо үргэлжилж буй дэлхийн ‘ЭКСПО-2020” үзэсгэлэнд Монгол Улсын Үндэсний өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөгт МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн болон ГХЯ-ны Гадаад худалдаа, Эдийн засаг, хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон ‘Эрдэнэс Тавантолгой’ ХК зэрэг үндэсний томоохон ААН, байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Тухайлбал тус экспод оролцож байгаа ‘Эрдэнэс Тавантолгой’ ХК-ийн Борлуулалт, Маркетинг, Тээврийн газрын дарга, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн А.Чинзориг “ЭТТ бонд”-ын талаар танилцууллаа.
Дэлхий нийт цар тахлын хорио хязгаарлалтад орсон хүнд хэцүү цаг үед “Дубайн ЭКСПО-2020” үзэсгэлэн яармаг “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг бүтээх” уриан дор болж байгаагаараа онцлог юм. Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, үндэсний урлагийн тоглолтыг толилуулав. Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд Монгол Улс, АНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Абу Даби хотноо Монгол Улсын ЭСЯ-ыг нээн ажиллуулахаар болсныг өдөрлөгийн үеэр Монголын төлөөлөгчид мэдээллээ. Дубайд болж буй Монголын өдөрлөгийг ГХЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байна.