Цар тахалтай зэрэгцэн томуугийн өвчлөл идэвхжиж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулав. Иймд Эрүүл мэндийн яам халдварын тархалт нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч буй. Тус яамны өгч буй мэдээллээр хүйтний улиралд томуу, томуу төст өвчин идэвхжих хандлагатай байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр иргэдийн дунд реновирус зонхилох болжээ. Уг вирус нь хоолой өвдөж сэрвэгнэх, хамар битүүрэх, толгой өвдөх, бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул хүмүүс Covid-19 халдвартай андуурах нь нийтлэг гэнэ. Халдвараас ялгаатай нь эдгээр шинж тэмдэг 3-7 хоногт арилдаг болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Иймд шинж тэмдэг тодорхой хугацааны дараа арилахгүй бол PCR шинжилгээ өгөхийг ч зарим эмч нар зөвлөсөн. Харин Эрүүл мэндийн яамны зүгээс онцын шаардлагагүй бол түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөхгүй байхыг зөвлөв. Томуугийн өвчлөл ямар байгаа талаар тус яамны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.
Тэрбээр “Томуугийн өвчлөл идэвхжлийн шатанд байна. Бидний ажигласнаар сүүлийн үед Covid-19 халдвар хумигдах шинжтэй бол амьсгалын замын өвчлөл, томуу төст өвчин идэвхжиж нэмэгдэх хандлагатай байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өчигдөр /2021.11.29/ ирүүлсэн мэдээллээр нийслэлийн харьяа эмнэлгүүдэд орны ачаалал нэмэгдээгүй. Эмнэлэгт шинээр хэвтсэн өвчтөнүүдийн 39.9 хувийг томуу өвчлөл эзэлж байна.
Энэ нь өмнөхөөс 6.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Иргэдийн дунд реновирус зонхилж байгаа бол хүүхдүүдийн дунд ротавирус голлож байна. Тодруулбал 60-70 гаруй хувьд нь ротавирус буюу суулгах өвчин зонхилж байгаа юм. Улирлын шалтгаантай энэхүү вирус нь ханиалгах шинж тэмдэг бага бөгөөд суулгах бөөлжих шинж тэмдэг илүү илэрдэг. Тиймээс эцэг эхчүүд аль болох бага насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөж байна.
Ерөнхийдөө Covid-19 халдвараас томуугийн өвчлөл ялгарах шинж тэмдэг бага. Гэхдээ Covid-19 халдавр ихэвчлэн гэр бүл, найз нөхөд хамт олны хүрээнд ойрын хавьтлаар илэрч байгаагаар ялгаатай. Мөн үнэр амт алдах буюу өвөрмөц шинж тэмдэг Covid-19 халдварын үед илэрч болно. Гэсэн ч өвөрмөц шинж тэмдэг сүүлийн үед бүдгэрсэн.
Жишээ нь, эерэг тохиолдол батлагдсан 10 хүний дөрөв нь л үнэр, амтлах мэдрэмжээ алдаж байна гэсэн үг. Хэдийгээр хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч байгаа ч халдвар найз нөхдийн хүрээнд илрэх хандлага их байна. Тэгэхээр хэрэв та ойрын хавьтаl болоогүй тохиолдолд ханиад хүрсэн бол яарч цар тахлын шинжилгээ өгөхгүй байхыг зөвлөе ” гэлээ.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр хүйтний улиралд томуугийн өвчлөл 0-15 хүүхдийн дунд 65.3 хувьтай байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 2.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн 0-15 хүртэл насны хүүхдийн өвчлөлийн 38 хувь нь 0-4 насныхан байна. Гэсэн ч томуугийн өвчлөлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ жилийн хувьд 360 мянган хүүхдийг томуугийн вакцинд хамруулж, Covid-19 халдварын эсрэг гуравдугаар тунгаар иргэдийг дархлаажуулж эхэлсэн нь өвчлөл буурахад тодорхой үр дүнгээ өгсөн байна.