МАН-ын 30 дахь их хурал өнөөдөр /2021.12.06/ 09.00 цагаас эхэлнэ. 100 жилийн түүхтэй, эрх баригч намынхан энэ удаагийн хурлаараа хүний эрхийг хамгаалах хийгээд авлигатай тэмцэх бодлого танилцуулахаар болсон гэдгээ олон нийтэд мэдээлсэн юм. Тус хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6-7-ны хооронд 08.00-23.00 цагийн хооронд үргэлжилнэ.
- МАН-ын даргыг сонгох, батламжлах асуудлыг хэлэлцэнэ.
- Намын дүрмийн өөрчлөлт, Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, намын хяналтын Ерөнхий хороог шинэчлэн байгуулах,
- Эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд нийгмийн тулгамдаж байгаа асуудлыг шийдэх дэвшилтэд бодлогыг дэвшүүлж, танилцуулна. Үүнд:
- Цар тахлын үеийн Шинэ сэргэлтийн бодлогоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их хурлын гишүүдэд танилцуулж, санал бодол солилцоно.
- Сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл тавьж, санал солилцоно.
АВЛИГА, АЛБАН ТУШААЛТЫН ГЭМТ ХЭРЭГ, ХҮНД СУРТАЛТАЙ ТУУШТАЙ ТЭМЦЭХ ХӨТӨЛБӨР, БОДЛОГЫГ ТАНИЛЦУУЛН
МАН-ын 30 дахь их хурлын талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг тус ээлжит хурлаар танилцуулна. Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Их хурлын төлөөлөгчид, олон нийтэд танилцуулахаар зорьж байна.
Мөн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн. Дундаж давхаргыг бий болгоход авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал саад болж байгаа. Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх, ардчилсан хүний эрхийг дээдлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн орчинг бүрдүүлж, бэхжүүлэхээр мэргэжлийн хуульчид хамтран ажиллаж байна. Хүний эрхийн зөрчилтэй 800 орчим хуулийн заалтыг засах ажил эхэлж байна.
МАН сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан. Хоёр дараалсан том ялалтын цаана маш өндөр хариуцлага ногдож байгаа. МАН-д нийгмийн дундаж давхрагыг хүчтэй болгох хариуцлага ирж байна. Энэ хүрээнд бид намын бүх түвшинд авлига, албан тушаалтын гэмт хэрэг, хүнд сурталтай тууштай тэмцэх хөтөлбөр, бодлогыг танилцуулна” гэдгийг онцолсон билээ.
Хуралдааны хөтөлбөрийн хураангуйг хүргэж байна.